E-Sight
Үнэт цаас гаргаж Өмнөговь аймагт ДЦС барина

Үнэт цаас гаргаж Өмнөговь аймагт ДЦС барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.08.13) Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 50 МВт суурилагдсан хүчин чадалтай ДЦС барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргахыг дэмжлээ. Ингэснээр бонд гаргаж буй анхны аймаг болох юм. Улмаар 500 тэрбум төгрөг хүртэлх аймгийн үнэт цаасыг тухайн жилийн Төсвийн тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг аймгийн Засаг даргад зөвшөөрсөн байна.   

Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах хэмжээ болон санхүүжүүлэх дүнг жил бүрийн төсвийн төсөлд тооцож тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нарт даалгасан. Мөн төвлөрүүлсэн хөрөнгийг тогтоолд заасан зориулалтын дагуу зарцуулж, үнэт цаасны эргэн төлөлтийг аймгийн төсөвт тусгах арга хэмжээ авч, хуваарьт хугацаанд барагдуулахыг аймгийн Засаг даргад даалгажээ. 

Уг төслийн хүрээнд баригдах ДЦС нь Даланзадгад сумын хэрэглээг хангах, бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. 

2023 онд Даланзадгад сумын эрчим хүчний хэрэглээ 59.2 сая кВт.цаг байсан бөгөөд 10 жилийн дараа 105.8 сая кВт.цаг хүрнэ гэж тооцоолжээ. Одоогийн байдлаар тус суманд 9 МВт суурилагдсан хүчин чадалтай, жилд 30.6 сая кВт.цаг хэрэглээг хангах чадвартай “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ажиллаж байна.