Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн “Гэр” төслийн нээлттэй өдөрлөг Баянхошуу бизнес, инновацийн инкубатор төвд (2025.05.27) боллоо. Өдөрлөгт УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг, Австралийн “Авардс Монгол” хөтөлбөрийн удирдагч Л.Энхтүвшин, Зориг сангийн Гүйцэтгэх захирал Б.Цолмон болон “УБЦТС” ТӨХК, “Монхорус” ХХК, “Юрика” ХХК, Пассив барилгын хүрээлэн, “Гэр өргөө” ТББ-ын төлөөлөл, Сонгинохайрхан дүүргийн иргэд оролцов.
Төслийг Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгссөн С.Насантогтох, Д.Долгор, Д.Эрдэнэцэцэг, Ч.Одгэрэл нар “Эмэгтэйчүүдийн манлайлал-2025” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрийг Зориг сан, Австралийн ЭСЯ, Австралийн “Авардс Монгол” хөтөлбөр хамтран жил бүр зохион байгуулдаг байна.
“Гэр” төсөл нь цахилгаан халаагуурын эрчим хүчийг бага оврын нарны эх үүсгүүрээр хангаж, гэрийн дулааныг нүүрсгүй шийдэх боломжийн талаар мэдлэг, ойлголтыг түгээх, тухайн шийдлийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг төрийн байгууллага, шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой аж.
Төслийн хүрээнд “Юрика” ХХК-ийн Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн нарны эрчим хүчээр халаалтаа шийдэж, яндангаас салсан 82 өрхөөс 7 айлыг түгээх сүлжээнд холбох техникийн нөхцөлийг гаргуулах, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд өөрчлөлт оруулахыг зорьж байна. Ингэснээр бага оврын нарны системтэй айлууд зундаа хэрэглээнээсээ илүү гарсан цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх, тэр хэрээр цахилгааны төлбөрөө бууруулах боломж бүрдэнэ.
Нарны системээр халаалтаа шийдсэн иргэн Б.Пүрэвхүү “Өвлийн хүйтэнд ес эхэлж байхад зуухаа гаргаад энэ төсөлд хамрагдсан. Одоо хагас жил боллоо. Яг л байранд амьдарч байгаа юм шиг цэвэрхэн, тухтай байна. Өглөө босоод хүүхдүүдээ хувцаслаад л шууд гардаг болсон. Өмнө нь өвлийн хүйтэнд эртлэн босож гал түлэхээс эхэлдэг байлаа. Дүү нараа тарахаас өмнө харьж галаа түлдэг байсан том хүүхэд маань санаа зовох зүйлгүй сургалт, дугуйланд явж байна. Гэрт дулаан байхаар хүүхдүүд ханиад томуу хүрэх нь ч багассан. Энэхүү төсөлд хамрагдснаар бидний амьдрах орчин сайжирч, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж буйд үнэхээр баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ өдөрлөгийн үеэр хуваалцсан юм.
Ногоон эрчим хүчээр гэр хорооллын дулааны хэрэгцээг хангах шийдэлд тулгарч буй асуудал болон монгол гэрийн дулаалгын шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг нээлттэй өдөрлөгөөр зохион байгуулагдсан. Хэлэлцүүлэгт оролцсон зочид, хамгийн түрүүнд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах, дулаалах хэрэгтэйг онцолж байв. Мөн нарны систем суурилуулах нь галын аюултай учраас тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, мэргэшсэн инженерүүдээр хийлгэх, чанарын баталгаат нарны панель худалдаж авах, тооцоо судалгааг нарийн хийх, төмөр суурь хийцийг дээврийн даацад тохируулах зэргийг зөвлөсөн.
Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсний улмаас цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудын тогны мөнгө маш их гарсан. Үүнийг шийдэх шийдлүүдийн нэг нь нарны сэргээгдэх эх үүсгүүрийн систем суурилуулах аж. Хэмнэлт хийх, цаашлаад үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх сүлжээнд зарж, нэмэлт орлоготой болох боломжтой талаар мэдээлэл хуваалцаж, зөвлөгөө өглөө.
“Гэр” төслийн зүгээс 2025 оны ес, аравдугаар сард нэг монгол гэрийг “Дулаалга+Нарны панел” жишиг шийдлээр тоноглохоор зорьж байгаа аж. Анхны зардал болох 18 сая төгрөгийн дэмжлэгийг “Соёолон Инженеринг” ХХК, “Соёолон Интернэйшнл” ХХК үзүүлэхээр болжээ. Энэхүү гэрийг жишиг болгож дулаалахаас гадна нарны панелын багцийн жишиг стандартыг бий болгох, анхны суурилуулалтын өртгийг хамгийн бага байлгах боломжийг эрэлхийлэх зорилготой юм. Нэг айл яндангаа буулгаснаар өвлийн улиралд түлдэг 3-5 тонн нүүрсний ялгаруулах 16 тонн хүлэмжийн хийг бууруулдаг байна.