Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын (УЦС) төслийн сонгон шалгаруулалтад есөн аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлснийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан өнөөдөр (2026.11.05) мэдээллээ.
Нийт 53.3 сая ам.долларын төсөвт өртөгтэй уг станцын барилга угсралтын ажлыг 53 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Станцын суурилагдсан хүчин чадал 30 МВт бөгөөд жилд 58.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой аж.
Энэ нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх анхны эрчим хүчний төсөл болохыг Т.Баясгалан онцлов. Мөн сонгон шалгаруулалтад санал болгож буй 1 кВт.цаг цахилгааны үнэ нь оролцогчдыг үнэлэх шалгуурын зөвхөн нэг хэсэг байх аж.
Төсөл хэрэгжсэнээр Булган аймгаас Баянхонгор аймаг хүртэлх 600 км орчим урттай 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын эрчим хүчний алдагдлыг жилд 17.8 сая кВт.цагаар буюу 2.5 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэж тооцжээ.
Байдрагийн УЦС-ыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын заагт, Сүүдэртийн хясаа орчимд барихаар төлөвлөсөн байна. Уг төслийг Эрчим хүчний яам санаачилж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Төслийн талбай алслагдмал бүс нутагт байрладаг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам төслийн талбай орчим нэг аж ахуйн нэгж олборлолтод явуулдаг бөгөөд дөрвөн жилийн дараа үйл ажиллагаа нь зогсохыг мэдээлжээ.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас зарласан сонгон шалгаруулалтын нөхцөлийн дагуу хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барьж байгуулах, ашиглах, улмаар төрд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Төслийн ашиглалтын хугацааг 25 жилээр төлөвлөжээ.
