E-Sight
Шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй айл өрх хамрагдана

Шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй айл өрх хамрагдана

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны тогтоолоор агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын айл өрхийн хүйтний улирлын орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам хэрэгжиж эхэлсэн. 

Хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөгддөг. Нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүд хөнгөлөлтөд хамрагдана. Тухайн хэрэглэгчид орой 21:00 цагаас өглөө 09:00 цаг хүртэл хугацаанд цахилгаан эрчим хүчний хэрэглээнд тодорхой тарифын хөнгөлөлт эдэлдэг.  Хөнгөлөлт үзүүлэх хэрэглээний дээд хязгаар өрх бүрд сарын 1,500 кВт.цаг байна. Өмнө нь энэ хязгаар 220 В болон 380 В хүчдэлийн түвшнээр ялгаатай байсан. Энэ жил хүчдэлийн түвшин хамаарахгүй. Хамгийн гол нь төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах аж. Тиймээс хэрэглэгчид аравдугаар сарын 31-ний дотор цахилгаан эрчим хүчний төлбөрөө барагдуулах  шаардлагатай гэсэн үг. 

2026-2027 оны өвлийн тухайд 266 мянган айл өрхөд хөнгөлөлт үзүүлэхээр ЭХЗХ тооцоолжээ. 2026 онд 94.8 тэрбум төгрөгийг шөнийн тарифын хөнгөлөлтөд төсөвлөсөн байна. Өнгөрсөн жил 234 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдсан. 

Өрх бүрийн шөнийн хэрэглээндээ хөнгөлөлт эдлэх 1500 кВт.цаг цахилгаан эрчим хүч нь дунджаар 70,000 төгрөг болно. Тиймээс нийт таван сарын хугацаанд нэг өрх 350,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо гарсныг Эрчим хүчний зохицуулах хороо танилцууллаа.