Москва хотноо зохион байгуулагдсан “Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцжээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хувьд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргах чиглэлд санал солилцлоо. Энэ үеэр Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төслийг боловсруулах тухай гэрээнд “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав, “Интер РАО Экспорт” компанийн захирал М.Е.Сергеев нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Уг төсөл хэрэгжсэнээр Дулааны III цахилгаан станцын хүчин чадал 252 МВт-аар нэмэгдэж, 84,000 орчим өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэр бий болох юм. Мөн дулааны хүчин чадал цагт 300 Гкал-аар нэмэгдэж, 30,000 орчим өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангах юм. Тодруулбал, одоогийн цахилгаан эрчим хүчний чадал 2.3 дахин, дулааны эрчим хүчний чадал 1.5 дахин тус тус нэмэгдэнэ.

