E-Sight
Аукцион: Булган аймагт баригдах НЦС-ын гүйцэтгэл 22 хувьтай байна

Аукцион: Булган аймагт баригдах НЦС-ын гүйцэтгэл 22 хувьтай байна

Өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукцион зохион байгуулагдаж таван төслийн Бие даасан үйлдвэрлэгчийг шалгаруулсан билээ. Булган аймгийн Орхон суманд хэрэгжиж буй “Булган нар” нарны цахилгаан станцын төслийн талбайд Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. 

Уг төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 5.95 ам.цент/кВт.цаг үнээр “Магнус Cентурион Констракшн” компани шалгарсан. Тус компани “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн төслийг 36.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж байгаа юм. 

Энэхүү нарны цахилгаан станцын ашиглалтын хугацаа 25 жил бөгөөд жилд 78.3 сая кВт.цаг эрчим хүчийг сүлжээнд нийлүүлэх аж. 

Анхны аукционы хүрээнд хэрэгжиж буй энэхүү төслийн зураг төсөл бүрэн дууссан бол тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 89, талбайн бэлтгэл 89, удирдлагын байр 10, нарны цахилгаан станцын угралт 9 хувьтай үргэлжилж байна. Төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэл 22 хувьтай явж байна. 

“Булган нар” нарны цахилгаан станцын төслийн зөвлөх Б.Лхагвадэмбэрэл бидэнд дараах мэдээллийг өглөө. 

Бид 50 МВт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станц, 30 МВт гаралтын чадалтай 100 МВт.цаг багтаамжтай батарейн системийн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэл 22 хувьтай үргэлжилж байна. 

Одоогийн байдлаар 37 мянган шурган гадас суурилуулахаас 30 мянгыг нь суурилуулсан. Барилгын болон дэд станцын суурь ажлууд эхэлчихсэн. Мөн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 80 гаруй хувьтай байна. 

Уг төсөл Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд оргил цагийн үеэр 30 МВт чадлаар 3-4 цагийн ачаалалд оролцох гол үүрэгтэй. Түүнчлэн 30 МВт гаралтын чадалтай 100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурыг өөрийн үүсгүүрээс цэнэглэх концепцтой. 

Сүүлд зохион байгуулагдсан говийн бүсэд тогтворжуулах шийдэл бүхий эх үүсвэр барих аукционоос өөр шийдэлтэй. Системд нийлүүлэх эрчим хүчний 99.5 хувийн найдваржилт гэдэг бол арай өөр технологитой. Системийн динамикт нөлөө үзүүлж болохуйц хийн, газан технологиудтай уялдаж байж найдваржилтыг хангадаг. 

Харин манай төслийн хувьд оргил ачааллын үед системд эрчим хүч нийлүүлэх ёстой. Сүүлийн үеийн шинэ технологийн батарейнууд тухайн цаг үед маш өндөр динамик үзүүлж оролцох боломжтой болсон. 

Монгол Улс 6,600 км урт 110-220 кВ цахилгаан дамжуулах шугам ашигладаг. Тэдгээрийн 70 хувь нь 40-өөс дээш жилийн насжилттай, мөн 70 хувь нь нэг хэлхээ буюу нэг удаагийн хүндрүүлсэн нөхцөл даах боломжгүй нэг талын тэжээлтэй шугамууд байдаг. Тиймээс энэ төслийн эх үүсгүүр холбогдсноор системийн найдвартай байдлыг дээшлүүлэх маш том давуу талтай.