E-Sight
Жилд дунджаар 1,506.7 сая кВт.цаг эрчим хүч түгээж байна

Жилд дунджаар 1,506.7 сая кВт.цаг эрчим хүч түгээж байна

“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Чинзориг компанийн үйл ажиллагааны нөхцөл байдал, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлуудын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэгт (2026.10.03) танилцууллаа. 

“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Архангай, Өвөрхангай, Булган, Хархорин гэсэн дөрвөн салбар, 659 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ажилчдын дундаж нас 39 байгаа бол ажилласан жилийн дундаж 13 байна. Эмэгтэйчүүд 28.8 хувийг бүрдүүлж байгаа аж. 

Тус компанийн үйлчлэх хүрээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 25.7 хувь буюу 385,000 км2 газар нутгийг хамардаг. Ийн тусгай зөвшөөрлийн чиглэлийн дагуу 11 аймгийн 147 сум, сууринд цахилгаан эрчим хүч түгээдэг. Үйлчлэх хүрээний хамгийн урт цэг нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум болон Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд бөгөөд 600 км урт дамжуулах шугамын төгсгөлд холбогддог байна. 

Нийт 93,737 хэрэглэгчид жилд дунджаар 1,506.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Уг цахилгаан түгээх сүлжээний хамгийн том хэрэглэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бөгөөд өнгөрсөн онд нийт 1,127.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэжээ. 

2026-2027 оны өвлийн бэлтгэл ажилд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК их засварын 22 ажил, техник зохион байгуулалтын 17 арга хэмжээг, нэг хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөжээ. Эдгээр бэлтгэл ажлын гүйцэтгэл 81.6 хувьтай үргэлжилж байгаа аж.