E-Sight
Говийн бүсийн аукционы ялагч 24 хувиар бага үнээр ЦЭХ нийлүүлнэ

Говийн бүсийн аукционы ялагч 24 хувиар бага үнээр ЦЭХ нийлүүлнэ

Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах аукционыг Эрчим хүчний яам (2026.09.24) зохион байгууллаа. Тус бүсийн уурхайнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 99.5 хувийн найдваржилттайгаар хангах, импортын хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг ийн шалгаруулав. 

Аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр нь сонгон шалгаруулалтад оролцох шаардлага ханган, дэнчингээ байршуулжээ. Харин аукционы үнийг 9.7 ам.цент/кВт.цагаас эхлэн дуудсан тул оролцогчид эл дүнгээс бага үнэ санал болгон өрсөлдлөө. 

Улмаар 7.9 ам.цент/кВт.цаг үнийн саналаар “Нэт Зеро Тек” компани, “М Си Эс Интернэйшнл” компани болон “Өвөр Монголын Эрчим хүчний Олон Улсын Хамтын ажиллагаа” компаниудын түншлэл шалгарлаа. Уг түншлэлийн төлөөлөлд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлогч Г.Энхтүвшин батламж гардуулсан юм. Тэгвэл аукционы өөр нэг оролцогч нь “Энвижн Монголиа Нью Энержи” компани, “Энвижн Энержи” компани болон “Шанхай Рүйжин Энержи Техноложи” компаниудын түншлэл байв. 

Тус бүс нутагт шинэ эх үүсвэр холбох дээд чадал нь 530 МВт байхаар Засгийн газрын 310 дугаар тогтоолоор баталжээ. Учир нь, “Оюу толгой” дэд станцад 260 МВт, “Зэс-Оюу” дэд станцад 270 МВт нар, салхины эх үүсвэр холбогдох боломжтой гэж үзсэн байна. 

Өмнийн говийн уурхайнуудаас Оюу толгой л гэхэд БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд дунджаар 1.6 тэрбум кВт.цаг эрчим хүч худалдан авдаг бөгөөд гэрээний хугацаа 2030 онд дуусна. Оюу толгойн импортолсон эрчим хүч болон төлбөр 2020-2026 онд тогтмол өсжээ. 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мөрдөж буй энергийн тариф 9.81 ам.цент/кВт.цаг байна. Энэ нь аукционд шалгарсан 7.9 ам.цент/кВт.цаг тарифаас 24 хувиар өндөр дүн юм. Өдгөө “Оюу толгой” эрчим хүчний импортод жил бүр 120-140 сая ам.доллар төлж буй. Түүнчлэн 2027-2030 онд импортын хэмжээ жилд 1.87-2 тэрбум кВт.цаг хүрэх тооцоо бий. 

Энэ удаагийн дуудлага худалдаа нь зөвхөн тарифын өрсөлдөөнөөр хязгаарлагдаагүй бөгөөд сэргээгдэх эх үүсвэрээс 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортой хангах техникийн шийдэл шаардсанаараа онцлог байв.