E-Sight
Хятадын нүүрсний цахилгаан үйлдвэрлэл сүүлийн 10 жилд анх удаа буурав

Хятадын нүүрсний цахилгаан үйлдвэрлэл сүүлийн 10 жилд анх удаа буурав

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2025 онд 10.4 их наяд кВт.цагт хүрчээ. 

Хятадад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдсэнээр нүүрсэнд суурилсан цахилгаан үйлдвэрлэлийн өсөлт саарсан байна. “China Energy Transition Review 2026” тайланд дурдсанаар, тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2025 онд таван хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлтийг цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл бүхэлд нь нөхжээ. Үүний үр дүнд нүүрс давамгайлсан дулааны цахилгаан үйлдвэрлэл 0.7 хувиар буурсан байна.

Нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн өсөлт саарч байгаа нь зөвхөн улсын нийт дүнгээр хязгаарлагдахгүй байна. Тайланд хамруулсан Хятадын 26 муж, бүс нутгийн 17-д 2021-2025 онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл тогтворжих хандлагатай болжээ. Эдгээр бүс нутаг нь тус улсын дулааны цахилгаан станцуудын нийт суурилагдсан хүчин чадлын талаас илүү хувийг бүрдүүлдэг байна.

Тайланд 2025 оны бууралтыг ганц жилийн цаг агаар, усан цахилгаан станцын үйлдвэрлэл болон эдийн засгийн мөчлөгөөс шалтгаалсан хэлбэлзэл гэж шууд дүгнэхэд эрт байгааг тэмдэглэжээ. Харин нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн урт хугацааны өсөлт эрчээ алдаж байгаагийн шинж тэмдэг гэж үзсэн байна.

Үүний зэрэгцээ системийн уян хатан байдлыг хангах батарей хуримтлуурын хүчин чадал нэмэгдэж байна. БНХАУ-ын батарей хуримтлуурын суурилагдсан хүчин чадал 2024 оны эцэст ус шахуургат хуримтлуурын хүчин чадлыг давж, 2025 онд дахин 84 хувиар өсжээ. Мөн тус улс 2025 онд дэлхийд шинээр нэмэгдсэн батарей хуримтлуурын хүчин чадлын 60 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: Ember