Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд мөрдөж ажиллах нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж, биелэлтийг дүгнэдэг. Энэхүү зохицуулалтын хүрээнд салбарын үйлдвэр компаниудын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлуудыг эрчимжүүлэх, 2026-2027 оны өвлийн их ачааллын бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр дараах мэдээллийг өглөө.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь сүлжээний тоног төхөөрөмжийн засвар шинэчлэл, шугам сүлжээний өргөтгөл, техникийн үзлэг шалгалт, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг үе шаттайгаар зохион байгуулж буй. Ийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх цахилгаан эрчим хүчний тасалдлыг бууруулах ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Тус компани 2026 онд Улаанбаатар хотын 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536,196 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах урсгал засварын ажлуудыг төлөвлөсөн. Энэ хүрээнд 3323 дэд станц, шугам тоноглолын засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Эдгээр засварын ажлын гүйцэтгэл 99 хувьтай байна. Их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлаар 120 нэр төрлийн 172 багц ажлыг төлөвлөсөн нь 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт засварын ажлыг аравдугаар сарын 15-нд багтаан бүрэн дуусгах гэнэ.
Өнгөрсөн өвөл 110/35/10 кВ-ын Налайх дэд станцаас 35 кВ-ын Баянзүрх-А цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаалал 93 хувьд хүрч горим хүндэрчээ. Тиймээс найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон ачааллыг хөнгөлөх ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр Баянзүрх дүүргийн Хужирбулан, Гачуурт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа сайжрах аж.

