Олон улсын эрчим хүчний үнийн мэдээллийн платформд дурдсанаар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар дэлхийн хэмжээнд өрхийн цахилгааны дундаж үнэ 1 кВт.цаг нь 17.4 ам.цент байгаа бол ААН-үүдэд 16.4 ам.цент байна. Бүс нутгаар авч үзвэл Европт хамгийн өндөр буюу 25.5 ам.цент/кВт.цаг байгаа бол Азид хамгийн хямд буюу 8.5 ам.цент/кВт.цаг байна.
Харин ААН-үүдийн хувьд далайн орнуудад хамгийн өндөр буюу 23.4 ам.цент/кВт.цаг байгаа бол Африкт 13.2 ам.цент/кВт.цаг, Азид 10.5 ам.цент/кВт.цаг байгаа нь хамгийн хямд үзүүлэлт юм.
Олон улсад цахилгаан эрчим хүчний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд өсөх хандлага үргэлжилжээ. Тухайлбал, 2025 оны дөрөвдүгээр улирлаас хойш өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ дунджаар 0.44 хувиар, ААН-ийнх дунджаар 0.29 хувиар тус тус өссөн байна. Тэгвэл жилийн дүнгээр буюу 2025 оны нэгдүгээр улирлаас хойш өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ 9.8 хувиар, ААН-ийн цахилгаан эрчим хүчний үнэ 7.13 хувиар нэмэгджээ.
Монголын тариф бүс нутагтаа харьцангуй бага түвшинд байна
2023-2026 оны дундаж үзүүлэлтээр Монгол Улсын цахилгааны тариф бүс нутгийн зарим орнуудаас харьцангуй доогуур түвшинд байна. Тодруулбал, нийт 9 орноос өрхийн хэрэглээний цахилгааны тарифаар сүүлээсээ хоёрдугаарт, аж ахуйн нэгжийн цахилгааны тарифаар сүүлээсээ гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
Өрхийн хэрэглэгчдийн цахилгааны үнэ 4.7 ам.цент/кВт.цаг байгаа нь Японоос ойролцоогоор 5 дахин бага, БНСУ-аас 2.7 дахин бага үзүүлэлт юм. Харин нийт харьцуулсан 9 орноос хамгийн бага тарифтай нь Узбекистан байсан бол удаах байрт Монгол орж байгаа юм. Энэ нь Монгол Улсын өрхийн цахилгааны үнэ бүс нутгийн хэмжээнд харьцангуй боломжийн түвшинд байгааг харуулж байна.
Аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн хувьд Монгол Улсад цахилгааны тариф 7.8 ам.цент/кВт.цаг байгаа нь Японтой харьцуулахад ойролцоогоор 2.6 дахин, Турктэй харьцуулахад 1.8 дахин бага байна. Аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифаар Узбекистан, Казахстаны дараа бүс нутагтаа харьцангуй бага тариф бүхий орны тоонд багтаж байна.

