БНХАУ-ын зүүн хэсгийн Шаньдун мужид баригдах Лайян АЦС-ын эхний шатны үндсэн талбайг тэгшлэх ажил есдүгээр сард эхэлжээ. Тус станцад нийт зургаан Guohe One (CAP1400) реактор барихаар төлөвлөсөн бөгөөд нийт суурилагдсан хүчин чадал 9.26 ГВт хүрэх юм.
Эхний шатанд тус бүр 1543 МВт-ын хүчин чадал бүхий I, II блокийг барина. Одоогийн төлөвлөгөөгөөр I блокийн анхны бетон цутгалтыг 2027 оны зургаадугаар сард эхлүүлж, эхний хоёр блокийг 2032 онд арилжааны ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Станцад БНХАУ-ын хөгжүүлсэн гурав дахь үеийн Guohe One буюу CAP1400 загварын даралтат усан реактор ашиглана. Энэхүү CAP1400 загварыг АНУ-ын Westinghouse компанийн AP1000 технологид суурилан хөгжүүлжээ. Уг технологийг Хятадын тал оюуны өмчийн бие даасан бүрэн эрхтэй гэж мэдээлдэг.
Эхний хоёр блок ашиглалтад орсноор жилд 24.6 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэж, 7.4 сая тонн стандарт нүүрсний хэрэглээг орлож, нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 20 сая орчим тонноор бууруулна гэж тооцоолжээ. Зургаан блок бүгд ашиглалтад орвол станцын жилийн үйлдвэрлэл 74 тэрбум кВт.цаг хүрэхээр байна.
БНХАУ 2026-2030 оны XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд цөмийн эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 2030 он гэхэд ашиглалтад байгаа АЦС-уудын нийт хүчин чадлыг 110 ГВт-д хүргэх зорилт тавьсан. 2026 оны зургаадугаар сарын эцсийн байдлаар тус улсын ашиглалтад байгаа цөмийн эрчим хүчний хүчин чадал 68.5 ГВт байсан юм.
Эх сурвалж: World Nuclear News, Global Energy Monitor
