E-Sight
Оюутолгой уурхайн БНХАУ-аас цахилгаан импортлох гэрээ 2030 онд дуусна

Оюутолгой уурхайн БНХАУ-аас цахилгаан импортлох гэрээ 2030 онд дуусна

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.09.09) боллоо. Тус хуралдааны дараа Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Оюутолгой уурхайн БНХАУ-аас цахилгаан импортлох гэрээ 2030 онд дуусна. Үүнээс хойш уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эрчим хүчний системээс хангах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор цахилгаан нийлүүлэх эх үүсгүүрийг сонгох ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Оюутолгой уурхай жилд 1.7 тэрбум кВт.цаг орчим цахилгаан хэрэглэдэг бөгөөд цахилгаан хангамж нь 99.5 хувийн найдвартай байдлын шаардлага хангах ёстой.

Оюутолгой уурхай БНХАУ-аас жилд 140 сая орчим ам.долларын цахилгаан эрчим хүч импортолж байна. Тус уурхай 2013 оноос цахилгаан эрчим хүчээ импортоор хангаж ирсэн.

Олон улсын зах зээлд нүүрсний цахилгаан станцын төслүүдийн санхүүжилтийн боломж хязгаарлагдсантай холбоотойгоор Өмнийн бүс, ялангуяа Оюутолгойд цахилгаан нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөж байна.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьд хүрсэн. Энэ сарын эцэс гэхэд үндсэндээ бүрэн хангахаар ажиллаж байна. Өвлийн оргил ачааллын үед дутагдах чадлыг импортоор нөхөж, дотоодын цахилгаан станцууд нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллана. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг аль болох хязгаарлахгүй байх чиглэл баримтална. Мөн төсвийн тодотголд эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөгийн татаас тусгах саналыг салбарын яам оруулаад байна.