Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт (2026.07.03 ) оржээ. Уг хуулийн 12.5-д “Иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн сүлжээнд холбогдохгүй эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам барих, ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй” гэж заасан байна.
Өмнө нь өөрийн хэрэглээг хангах 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэр тусгай зөвшөөрөл авдаг байсан бол одоо байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг зөвхөн өөрийн үйлдвэр, уурхай, өрх гэрийн хэрэглээг хангах зорилгоор барихад заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй эрх зүйн зохицуулалттай болжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний системд холбогдохгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өөрийн хэрэглээнд ашиглах бол хэн, хэдийг ч барьж болох аж. Эрчим хүчний чадлын дутагдалтай энэ үед дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжихөд чухал түлхэц болсон шийдвэр юм.
