НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийн "Монголын хүртээмжтэй ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах" төслийн хүрээнд "Ногоон шилжилтийн зорилтуудыг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан нь" бодлогын хураангуйг боловсруулжээ. Уг мэдээллээс эрчим хүч, хүлэмжийн хийтэй холбоотой хэсгийг хүргэж байна.
Монгол Улсын эдийн засаг нүүрс, ашигт малтмалын олборлолт, эрчим хүчний салбар нүүрснээс хамааралтай хэвээр байгаа нь хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэх гол шалтгаан болж байна.
Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.09 хувийг бүрдүүлдэг. Гэвч нэг хүнд болон ДНБ-ий нэгжид ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас хэд дахин өндөр хэвээр байна.
Монгол Улс 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг салбар бүрд дараах хэмжээгээр бууруулахаар зорьж байна. Үүнд:
- Эрчим хүч 8,264.9 мян.тн CO2-экв,
- Барилга 1,066.1 мян.тн CO2-экв,
- Аж үйлдвэр 1,313.0 мян.тн CO2-экв,
- Тээвэр 3,465.9 мян.тн CO2-экв,
- Хөдөө аж ахуй 9,781.2 мян.тн CO2-экв,
- Хог хаягдал 844.3 мян.тн CO2-экв буюу нийт 24.7 сая.тн нүүрстөрөгчийн давхар ислийн эквивалент (СО2-экв)-тай тэнцэх хэмжээ багтаж байна. Эдгээр нь нийт 24.7 сая тонн CO2-экв-тай тэнцэх хэмжээ юм.
Эрчим хүчний болон эрчим хүчний бус салбарт хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээний үр дүнд хүлэмжийн хийн ялгарал тогтвортой буурч байна. Харин 2022 онд малын тоо толгой өссөний улмаас хүлэмжийн хийн ялгарал 5.3 сая.тн CO2-экв хэмжээгээр бууруулах зорилтод хүрээгүй. Тодруулбал, ялгарал суурь сценариар тооцсон хэмжээнээс 657 мян.тн CO2-экв буюу 12.3 хувиар давжээ. Иймээс Монгол Улсад тодорхой бодлогын шинэчлэл хийх шаардлагатай байна.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд эрчим хүчний салбарын нүүрсний хамаарлыг эрчимтэй бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг бодитоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодлогын хураангуйд дурджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт шаардлагатай ногоон ур чадварыг хөгжүүлэх сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг өргөжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
