E-Sight
COP17: Монгол Улсын эрчим хүчний ногоон шилжилтийг хэлэлцлээ

COP17: Монгол Улсын эрчим хүчний ногоон шилжилтийг хэлэлцлээ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өндөр түвшний уулзалт, санхүүжилтийн өдрийн хүрээнд “Эрчим хүчний ногоон шилжилт” хэлэлцүүлгийг Эрчим хүчний яам зохион байгууллаа.

Тус арга хэмжээг нээж салбарын сайд Б.Найдалаа хэлсэн үгэндээ Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн 2026-2050 оны стратегийн замын зургийг төсөөлөл бус тооцоолол дээр үндэслэсэн хэмээн онцолсон юм.

Дараагаар нь, Монгол Улсын эрчим хүчний бодлого чиглэл, ногоон шилжилт, зорилтын талаар ЭХЯ-ны Ажлын хэсгийн гишүүн, доктор Л.Бавуудорж танилцуулав. Тэрээр “Эрчим хүчний шилжилтийн 2026-2050 оны стратегиар 25 жилийн турш жил бүр дунджаар 818 МВт чадлаар эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлагатай нь өнөөгийн хурднаас 12-17 дахин их. Тиймээс хөрөнгө оруулалтаас гадна ур чадвар, төслийн бэлтгэлд хамтран ажиллахыг хүсэж байгаа”-г танилцуулгын үеэр тодотголоо.

“Эрчим хүчний экспортын стратеги” сэдвээр Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны Эрчим хүчний хөрөнгө оруулалт, экспортын хэлтсийн Ахлах шинжээч Ч.Энхжаргал танилцуулсан.   

“Эрчим хүчний ногоон шилжилт”-ийн үндсэн хэлэлцүүлэгт ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтүвшин, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны Эрчим хүчний хөрөнгө оруулалт, экспортын хэлтсийн дарга Л.Дулмаазул, Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Викториа Ригби Делмон, НҮБХХ-ийн Монгол дахь Уур амьсгалын санхүүжилт ба хөгжлийн эдийн засагч Фируз Саидхаджаев, “МАК Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Золбилэг нар оролцсон бол Энержи Инсайт сэтгүүлийн Гүйцэтгэх захирал О.Батболд чиглүүлэн хөтлөв. Энэ үеэр цэвэр эрчим хүч, ногоон шилжилт, орон нутгийн иргэдийн эрчим хүчний хүртээмж, хөрөнгө оруулалт болоод санхүүжилтийн боломж, хууль эрх зүйн орчин, хүний нөөц, технологийн дэвшил, олон улсын туршлага зэрэг өргө сэдвээр ярилцсан юм.