E-Sight
COP17: Эрчим хүчний ногоон шилжилт хэлэлцүүлэг болно

COP17: Эрчим хүчний ногоон шилжилт хэлэлцүүлэг болно

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 нь “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа билээ. 

Тус хурлын хүрээнд  “Эрчим хүчний ногоон шилжилт” хэлэлцүүлгийг Эрчим хүчний яамнаас зохион байгуулах гэж байна. Энэ үеэр эрчим хүчний шилжилттэй холбоотой газрын доройтол, усны нөөц, бэлчээрийн тогтвортой байдал болон орон нутгийн иргэдийн амьжиргааны асуудлыг харилцан уялдаатайгаар авч үзэж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой бодлого, технологи, санхүүжилт төдийгүй хамтын ажиллагааны шийдлийг хэлэлцэнэ. Түүнчлэн асуудлыг шийдэхэд төр, олон улсын байгууллага, хөгжлийн түнш, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг тодорхойлоход хэлэлцүүлгийн зорилго оршино.

Хэлэлцүүлэгт төрийн болон нутгийн захиргааны байгууллага, UNCCD болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд, дипломат төлөөлөгчийн газар, хувийн хэвшил, эрчим хүчний компаниуд, хөрөнгө оруулагчид, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм болон орон нутгийн төлөөлөл оролцох юм.

“Эрчим хүчний ногоон шилжилт”-ийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, 

Эрчим хүчний ногоон шилжилт ба газрын доройтлыг бууруулах;

Доройтсон болон экологийн үнэ цэнэ багатай газрыг сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар ашиглах боломж;

Ус–газар–эрчим хүчний уялдаа, байгаль орчинд ээлтэй төслийн төлөвлөлт;

Малчид болон орон нутгийн иргэдийн эрчим хүчний хүртээмж, оролцоо;

Ногоон эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчин

Эрчим хүчний ногоон шилжилтийн хүний нөөц, технологийн чадавх;

Эрчим хүчний шилжилтийн шударга, хүртээмжтэй байдлыг хангах;

Ногоон шилжилтийн үр өгөөжийг орон нутагт бий болгох, шударга хуваарилах.

Эрчим хүчний салбарын ногоон шилжилт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаас гадна газрын доройтол, усны нөөцийн хомсдол, бэлчээрийн тогтвортой байдал, биологийн олон янз байдал болон орон нутгийн иргэдийн амьжиргаатай нягт уялдсан асуудал юм.

Иймд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, эрчим хүчний хуримтлуур, тархмал эх үүсвэр болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх шийдлийг хөгжүүлэхдээ газар ашиглалт, усны нөөц, экосистемийн даац, орон нутгийн онцлог, иргэдийн оролцоог харгалзан үзсэн уялдаа бүхий төлөвлөлт, хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчим чухал ач холбогдолтой.

Хэлэлцүүлгийн үр дүнд эрчим хүчний ногоон шилжилтийг газрын доройтол, усны нөөцийн зохистой ашиглалт, бэлчээрийн тогтвортой байдал болон орон нутгийн иргэдийн амьжиргаатай уялдуулан хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэл, бодит шийдлүүдийг тодорхойлно.

Мөн эрчим хүч–газар–ус–амьжиргааны харилцан хамаарлыг харгалзсан тогтвортой хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилт, технологийн шийдэл болон олон улсын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлж, Монгол Улсын ногоон шилжилтийг эрчимжүүлэх санал, санаачилгыг нэгтгэнэ.