_1787103727.jpg)
Зургийн тайлбар: КОП17 бага хурлын Ногоон бүсийн харагдах байдал (2026.08.18)
"Манай төсөл бүх төрлийн батарейг иж бүрэн боловсруулахдаа хатуу, шингэн, хий гэсэн гурван төлөвийн хаягдал гаргахгүй" хэмээн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсийн Тулуй танхимд илтгэл тавьсан "ГД Зөв Хөгжил Ирээдүй" ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг А.Доржготов хэллээ.
Бүх төрлийн батарей гэдэгт хүмүүсийн өдөр тутмын хэрэглэдэг хуруу зайнаас эхлээд цахилгаан тээврийн хэрэгсэл хүртэлх бүгдийг багтаадаг аж. Эдгээр батарей, тэр дундаа дахин цэнэглэдэг батарейд зэс, кобальт, никель зэрэг ашигт малтмал ордог. Зэсийн ханш өнөөдөр дэлхийн зах зээлд 12 мянган ам.доллар хүрч өссөн. Харин никель, кобальтын ханш түүнээс дээгүүр үнэтэйд тооцогдож байна. Үүнээс гадна хайбрид төрлийн автомашинд газрын ховор элемент тодорхой хэмжээнд агуулагддаг. Нэг талаар хаягдал батарей нь хөрс, усыг бохирдуулах аюултай ч зөв технологийн дагуу боловсруулж, дахин ашиглаж чадвал өндөр үнэтэй металл гарган авах боломжтой юм.
А.Доржготов хэлэхдээ, "Ийм төрлийн технологийн судалгааг батарей тус бүрээр гарган, туршилт судалгааг манай төслийн багийн зүгээс хийсэн. Туршилт судалгааг ШУТИС-ийн Химийн инженерчлэлийн тэнхимд 3-4 жилийн хугацаанд хийж, үр дүнгээ КОП17 бага хурлын Ногоон бүсэд илтгэл тавьж танилцууллаа.
Өнөөдөр Монголд бүх төрлийн батарейг ахуйн байдлаар булшилж байна. Манай улсын Хог хаягдлын тухай хуульд бүх төрлийн батарей нь аюултай хог хаягдалд тооцогддог учраас энгийн ландфильдэд хаяхыг хориглож, аюултай хог хаягдлын ландфильдэд хаях ёстой байдаг.
Манай төсөл хэрэгжвэл батарейн хог хаягдлаас үүдсэн хөрс, усны бохирдол үндсэндээ шийдэгдэнэ. Төслийн хүчин чадлыг манай улсын жилд хаягддаг батарейн хэмжээ болох 630 орчим тонн гэж тооцоолсон. Цаашид улс бодлогоор цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжихээр ярьж байна. КОП17 хурлын нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал дата төв байгуулах талаар дурдсан нь батарейг дахин боловсруулах асуудал ирээдүйд зайлшгүй хөндөгдөнө" хэмээн нэмж хэллээ.
КОП17 бага хурлын Ногоон бүсийн үйл ажиллагаа өнөөдөр (2026.08.19) Хүн төвт өдөр сэдвийн хүрээнд
-
Цагаадай танхимд зургаан хэлэлцүүлэг,
-
Өгөдэй танхимд гурван хэлэлцүүлэг, зургаан сайн туршлага,
-
Тулуй танхимд 18 төслийн талаар танилцуулна.
