E-Sight
Сэлэнгийн ДЦС-ын барилга угсралтын ажил 92 хувьтай байна

Сэлэнгийн ДЦС-ын барилга угсралтын ажил 92 хувьтай байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станцын мазутын анхны галлагааг (2026.08.08) хийлээ. 

Улаанбаатар хотоос 331 км зайд төлөвлөгдсөн уг ДЦС тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай. Улмаар жилд 489.2 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэж 440.2 кВт.цаг цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолжээ. 

Энэхүү ДЦС-ын барилга угсралтын ажлыг Камбож улсын “Митайм” групп түлхүүр гардуулах гэрээтэйгээр гүйцэтгэж буй. Барилга угсралт 2024 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Сэлэнгэ аймагт хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа дулааны цахилгаан станцын туршилтын зуухаа бэхжүүлэх анхны галлагааг хийлээ. Барилга угсралтын ажил төлөвлөсөн ёсоор дуусаад энэ өвлийг давахад төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал эх үүсвэр болох юм. Түүнчлэн Сэлэнгэ аймаг цахилгаан, дулаан хосолсон эх үүсвэртэй болж байна. 

“Райд Монголиа” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн Захирал Н.Баярсайхан: Манай компани Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ажлыг гүйцэтгээд дуусаж байна. Барилга угсралтын ажил 92 хувьтай явагдаж байна. 

Дулааны станцыг дэд станцтай холбох цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгэхээр наймдугаар сарын 20-ны дотор шугамаа холбоод, есдүгээр сарын 30 гэхэд эхний 35 МВт блок, арванхоёрдугаар сарын 30 гэхэд хоёрдугаар блокоо ТБНС-нд холбохоор ажиллаж байна. 

Энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын дулаан хангамж бүрэн шийдэгдэнэ. 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: Манай аймагт баригдаж буй дулааны цахилгаан станцын туршилтын галлагаа эхэлж байгаад нийт сэлэнгэчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. 

Сэлэнгэ аймгийн хил орчмын бүсэд цахилгаан хангамж муу байдаг. Энэ асуудал шийдэгдснээр Алтанбулаг суманд чөлөөт бүсийн үйл ажиллагаа явах бүрэн боломж нээгдэж байгаагаараа онцлог болж байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын дулааны хэрэгцээг бүрэн шийдснээр хөгжлийн хамгийн том тулгуур болох юм.