Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд “Винд Фарм Чойр” ХХК салхин цахилгаан станц барихаар төлөвлөсөн байна. Тус компани “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г (2026.07.30) байгуулжээ.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх уг салхин цахилгаан станд 50.4 МВт суурилагдсан хүчин чадалтай. Түүнчлэн 20 МВт/ 80 МВт.цагийн багтаамжтай батарей хуримтлууртай бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Винд Фарм Чойр” компани анх 2011 оны арванхоёрдугаар сард Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авч байжээ. Харин 2023 онд сунгуулсан Тусгай зөвшөөрлийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болох аж.
Одоогийн байдлаар Монгол Улсад нийт 155 МВт суурилагдсан хүчин чадалтай Салхит, Цэций, Шанд салхит гэсэн гурван салхин цахилгаан станц ТБНС-тэй зэрэгцээ ажиллаж байна. Өнгөрсөн онд эдгээр станц нийт 504.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг сүлжээнд нийлүүлжээ. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн 59 хувийг салхин цахилгаан станцууд бүрдүүлдэг.
