E-Sight
Эрчим хүчний салбарын ажиллагчдын дундаж цалин хэд вэ?

Эрчим хүчний салбарын ажиллагчдын дундаж цалин хэд вэ?

Эрчим хүчний салбарын ажилтнууд цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлаар Засгийн газартай зөвшилцөлд хүрэхийг шаардаж, 22 байгууллага ажил хаялтад нэгдэхээ мэдэгдээд байна. Ийм үед “Эрчим хүчний салбарын дундаж цалин хэд вэ?” гэсэн асуулт анхаарал татаж байна. Үйлдвэрчний эвлэл болон эрчим хүчний салбарын байгууллагуудын танилцуулж буй тоо болон албан ёсны статистик тоо баримтыг та бүхэнд харьцуулан хүргэе. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрчим хүчний салбарт 17,800 хүн ажилладаг. Үүнээс 11,600 нь төрийн өмчит 27 компанид ажиллаж байна. Эрчим хүчний салбарын дундаж цалин одоо 3,747,000 төгрөг байна. Монгол Улсын хэмжээнд дундаж цалин 2,989,000 төгрөг байдаг. Дундаж цалингийн хэмжээгээр эрчим хүчний салбар тийм ч муу биш. Уул уурхайн салбарын араас хоёрдугаарт орж байна” гэдгийг онцолсон. 

Харин Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэлдээ “Эрчим хүчний салбарын нийт ажилчдын 14 мянга гаруй нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байдаг. Бусад нь хувийн хэвшилд ажилладаг. Энэ хүмүүсийн үндсэн цалин 1.8-2.5 сая төгрөг байна. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний салбарын цалин хөлс бусад салбараасаа 2-3 дахин өндөр байдаг” хэмээсэн юм.  

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны 2026 оны тавдугаар сарын статистикаар цахилгаан, хий, агааржуулалтын салбарын цалингийн дундаж 3,746,600 төгрөг байна гэжээ. 

Гэвч энэхүү статистикийн ангиллыг бүхэлд нь “эрчим хүчний салбар”-ын цалин гэж шууд тайлбарлах нь хэр оновчтой вэ гэсэн асуулт урган гарч байна. Учир нь энэ ангилал  зөвхөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтээс гадна хий, уур, агааржуулалтын үйл ажиллагааг хамардаг. Нөгөө талаас Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой эрчим хүчний салбарын цалин, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийн талаар илүү нарийвчилсан статистикийг Үндэсний статистикийн хороо гаргадаггүй нь дээрх тодорхой бус байдлыг үүсгэж байна.    

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинг эндээс харна уу.