E-Sight
Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын дундаж цалин одоо 3,747,000 төгрөг байна

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын дундаж цалин одоо 3,747,000 төгрөг байна

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргааш (2026.06.30) ажил хаялт зарлахаа мэдэгдсэнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өглөө. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Эрчим хүчний салбарт тулгамдсан шийдэх ёстой асуудлыг цагт шийдээгүйгээс олон асуудал ужгирч хуримтлагдсан. Эрчим хүчний салбарт 17,800 хүн ажилладаг. Үүнээс 11,600 нь төрийн өмчит 27 компанид ажиллаж байна. 

Эрчим хүчний салбарт үйлдвэрчний эвлэлийн хоёр холбоо байдаг. Хоёр холбоо маань цалингаа 30 буюу түүнээс дээш хувиар нэмэхийг шаардаж байна. Тэгээд ажил хаях тухай ярьж байна. Энэ бол өмнө нь эрчим хүчний салбарт гарч байгаагүй тохиолдол. 

Манай салбар төрийн алба биш гэдгийг онцлон хэлмээр байна. Нийт 27 ТӨХК болон хувийн хэвшил ажилладаг. Тэдгээрийн цалинг салбарын сайд шууд мэдээд тогтоодоггүй. Компаниуд зардлаа хэмнээд ашигтай, үр ашигтай ажилласан эсэхээс хамаарч компанийн ажилтнуудын үр ашиг тогтдог. Өөрөөр хэлбэл, хариуцлага сайдын гэхээс илүү захирлын гарт байдаг. 

Шууд тогтоодоггүй ч байгаа боломжоо ашиглаад энэ удаад цалингийн санг 10 хувиар нэмэх шийдвэртэй байна. Гэхдээ нийтээр нь хавтгайруулж биш. Захирал, захиргааны ажилтнууд, арын албаны хэсгийг энэ удаад нэмэхгүй. Харин яг цалин бага гэж байгаа залуучууд, яг ажлын талбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын цалинг нэмэх бодлого баримтална. Энэ 10 хувийн нэмэгдлийг зөвхөн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа, ачаалал их, цалин бага, нэмэх шаардлагатай тэр хэсэгт нэмнэ. 

Эрчим хүчний салбарын дундаж цалин одоо 3,747,000 төгрөг байна. Монгол Улсын хэмжээнд дундаж цалин 2,989,000 төгрөг байдаг. Дундаж цалингийн хэмжээгээр эрчим хүчний салбар тийм ч муу биш. Уул уурхайн салбарын араас хоёрдугаарт орж байна. Нэг зүйл гэвэл, жигд биш байна. Цалин, урамшуулал бодож байгаа тогтолцоог шинэчлэх шаардлагатай. Магадгүй зарим удирдах албан тушаалтан, бүтээмж муутай хэсэгт цалин өндөр, яг ачаа үүрч, ээлжээр ажиллаж, ачаалал авч байгаа, шинээр ажилд орж байгаа залуучууд дээр нэмэгдэл бага ордог учраас цалин бага байх тохиолдол бий. Цалингийн системийг шинэчилж шударга болгож байж асуудал шийдэгдэнэ.