Монгол Улсын Засгийн газрын 2026 оны “Түлш, эрчимхүчний хараат байдлыг бууруулах тухай” 160 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрчим хүчний яамнаас Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукцион зохион байгууллаа. Анхны аукционоор Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт батарей хуримтлуур бүхий нарны цахилгаан станцын төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг энэ сарын 18-нд олон нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулсан.
Тэгвэл өнөөдрийн (2026.06.24) Эрчим хүчний зохицуулах хорооны хуралдаанаар Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон Засгийн газрын бодлого, сэргээгдэх эрчим хүчний төсөл сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн аукционд шалгарсан төсөл хэрэгжүүлэгчдэд Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг олгосон байна. Мөн тус хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгчдийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тарифыг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад ялсан дүнгээр баталгаажуулжээ.
Анхны аукционд шалгарсан 5 ялагч нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий эх үүсвэрүүдийг богино хугацаанд барих үүрэгтэй.

