Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал (2026.06.19) хийлээ. Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмж, нийгмийн баталгааг хангахгүйгээр тус салбарын аюулгүй байдал, боловсон хүчний дутагдал, техник технологийн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул тэмцлийн эцсийн хэлбэр болох ажил хаялтыг улс орон даяар энэ сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр болсноо мэдэгдэв.
Энэ талаар МЭХГУУҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Эрчим хүчний салбарт цалин хөлс нэмэгдүүлэх ямар нэгэн хэлцэл хийгдээгүй байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Эрчим хүчний 2023-2024 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн 3 дугаар зүйл заалтад 2026 оны цалингийн нэмэгдлийг 2025 оны аравдугаар сарын 30-ны өдрийн дотор хэлэлцэж тохирно гэж заасан. Гэтэл одоог хүртэл цалин нэмэгдээгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4-т заасны дагуу зуучлагчийн шатанд талууд тохиролцоонд хүрээгүй гэдэг үндэслэлээр ажил хаялт зохион байгуулах нөхцөл бүрдсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, 26.2-т салбарын хэмжээнд ажил хаялтыг зохион байгуулах бол тухайн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүн байгууллагууд холбогдох хурлаа хийж, санал хураалт явуулсны үндсэнд ажил хаялт зарлах эрхтэй болдог. Энэ дагуу Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ-ны Гүйцэтгэх хороо хуралдаж, шийдвэрээ гаргасан. Ингээд эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялтыг 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас эхлэн зарлахаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна” гэв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд салбарын ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавин Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж, 17 орчим байгууллагын 300 гаруй ажилтан оролцсон юм. Энэ үеэр цалин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаялт зарлахаа ҮЭ-ээс мэдэгдэж байсан билээ.
