Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглэгч буюу айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын тарифыг тус бүр 5% нэмэх шийдвэр гарсан байна. Уг шийдвэр Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилдэг. Тиймээс 16 дугаар эмхэтгэл хэвлэгдэн гарсан өдөр буюу 6 дугаар сарын 5-наас шинэчлэгдсэн тариф мөрдөгдөж эхэлжээ.
Цахилгаан: Улс орон даяар
Дулаан: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсангийн хэрэглэгчдэд хамаарна. Учир нь эдгээр суурин цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станц бүхий эх үүсвэртэй, төвлөрсөн дулаан хангамжтай газрууд юм.
5% хэдэн төгрөг болох вэ?
Дундаж хэрэглээтэй буюу сард 220 кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэдэг айл өрхийн одоогийн төлбөр 54,200 төгрөг гардаг гэж үзвэл ойролцоогоор 2500 орчим төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Харин дулааны үнэ дээр халаалтын улиралд 2300 орчим төгрөг нэмэгдэхээр байна.
Яагаад үнэ нэмэгдэв?
Энэ талаар ЭХЗХ-ны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган дараах тайлбарыг өглөө.
Цахилгааны үнийг 18 орчим хувь, дулааны үнийг Улаанбаатар хотод 80 орчим хувиар нэмэх хэрэгцээ шаардлагатай байгаа. Энэ удаад хэрэглэгчдэд төлбөрийн огцом дарамт үүсгэхгүй байх зорилгоор үе шаттайгаар бага хувиар нэмэх шийдвэр гаргасан.
Эрчим хүчний үнэд инфляц, валютын ханшны нөлөө тодорхой хэмжээнд бий. Гэхдээ цахилгаан үйлдвэрлэлийн бүтцэд маш том өөрчлөлт орж байгаа нь үнэд хамгийн их нөлөөлж байна. 2025 оны гүйцэтгэлээр нийт үйлдвэрлэж буй цахилгааны 70 хувийг төрийн өмчит ДЦС-ууд, 30 хувийг хувийн хэвшлийн нар, салхин цахилгаан станц, Бөөрөлжүүт станц, Тосонцэнгэлийн станц, батарей хуримтлуур болон ОХУ-ын импортоос хангаж байсан. Гэтэл 2028 онд 60 хувийг хувийн хэвшил хангана. Цаашлаад 2030 он гэхэд энэ үйлдвэрлэл 70 хувьд хүрэх бүтцийн өөрчлөлт гарч байна.
Өөрөөр хэлбэл, жил бүр эрчим хүчний хэрэглээ 8-10 хувиар нэмэгддэг. Дотоодын эх үүсвэрүүд хүчин чадалдаа тулчихсан. Тиймээс хэрэглээний өсөлтийг хувийн хэвшлийн станцууд болон импортоор хангаж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлийн бүтцэд гарч байгаа энэ өөрчлөлт цахилгаан, дулааны өртөг зардалд шууд нөлөөлж байна.
