E-Sight
Сэргээгдэх эрчим хүчний АУКЦИОН гэж юу вэ?

Сэргээгдэх эрчим хүчний АУКЦИОН гэж юу вэ?

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг “аукцион” буюу өрсөлдөөнт шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх болсон. Монгол Улс 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анх удаа сэргээгдэх эрчим хүчний 5 төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-ийг аукционоор сонгон шалгаруулах гэж байна.  Аукцион нь нар, салхи зэрэг эрчим хүчний төслүүдээс хамгийн бага үнээр цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой хөрөнгө оруулагчийг сонгох зорилготой.
 

Цахилгаан эрчим хүч худалдан авах үнийг төрөөс урьдчилан тогтоох бус үйлдвэрлэгчдийг хооронд нь хамгийн бага нэгж кВт.цаг үнээр өрсөлдүүлж, шалгаруулдаг систем юм. Олон улсад нарны цахилгаан эрчим хүчний үнэ 2010-2020 оны хооронд 80-90% буурсанд аукционы тогтолцоо чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Аукционы дүрэм, шалгуур урьдчилан тодорхой болсон байдаг тул ил тод, шударга өрсөлдөөн бий болдог.

Олон улсын туршлагаас үзэхэд сэргээгдэх эрчим хүчний аукцион нь хамгийн бага өртгөөр шинэ эх үүсвэрийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эрчим хүчний салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал:
- Цахилгаан эрчим хүчний үнийг өрсөлдөөний зарчмаар бууруулдаг
- Хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлдэг
- Сонгон шалгаруулалтын ил тод, шударга байдлыг нэмэгдүүлдэг
- Төсвийн дарамтыг бууруулдаг
- Шинэ технологи, инновацыг нэвтрүүлэхийг дэмждэг
- Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлдэг