Монгол Улс эрчим хүчний салбарын бүтцээ өөрчилж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж буй энэ үед технологи, хөрөнгө оруулалтаас дутахгүй нэгэн чухал асуудал анхаарлын төвд байна. Энэ нь эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх чадвартай хүний нөөц, ирээдүйн ур чадварын бэлэн байдал юм.
Энэхүү асуудлыг хөндөн хэлэлцэх зорилгоор “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн ирээдүйн ур чадвар” форумыг Боловсролын яам, Эрчим хүчний яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) болон “Энержи Инсайт” сэтгүүл хамтран 2026 оны зургаадугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад усны долоо, салхины гурав, нарны арван нэг, цэнэг хуримтлуурын таван станц зэрэг нийт 26 сэргээгдэх эрчим хүчний станц ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нийт суурилагдсан хүчин чадлын 17.4 хувийг бүрдүүлж байгаа ч цахилгаан эрчим хүчний бодит үйлдвэрлэлд эзлэх хувь нь 8.8 хувьтай байна.
Төрөөс 2030 он хүртэл нийт 1545 МВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа нь ойрын жилүүдэд энэ чиглэлд шинэ ур чадвартай ажиллах хүчний эрэлтийг эрс нэмэгдүүлэхээр байна.
Тиймээс энэхүү форумын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарын ойрын болон дунд хугацаанд шаардлагатай ур чадвар, мэргэжлийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлохын зэрэгцээ боловсролын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар олон талын оролцоотой хэлэлцэх юм.
Форум нь төр, боловсролын байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг нэг дор цуглуулсан бодлогын хэлэлцүүлэг, олон улсын туршлага солилцох уулзалт, интерактив бодлогын лаборатори, практик зөвлөмж боловсруулах хэлбэрээр зохион байгуулагдана. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Салхи, нарны эрчим хүчний холбоо (LDWSEA)-ны төлөөлөл оролцож, хүний нөөцөө хэрхэн бэлтгэсэн туршлагаасаа хуваалцах юм.
Бодлогын лабораторийн хэлэлцүүлгийг “Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүйн ур чадвар”, “Өөрчлөгдөж буй эрчим хүчний салбар дахь ажиллах хүчний хөгжил”, “Сэргээгдэх эрчим хүчний салбарт зориулсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтыг бэхжүүлэх нь” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд өрнүүлнэ.
Мөн форумын үеэр Монгол Улсын Боловсролын яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн хүрээнд боловсруулсан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын ажиллах хүчний түүвэр судалгаа”-ны үр дүнг танилцуулах юм. Энержи Инсайт сэтгүүл уг судалгаанд хамтран ажилласан бөгөөд судалгааны үр дүн нь салбарын ажиллах хүчний өнөөгийн нөхцөл байдал, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ, ирээдүйд шаардагдах ур чадварын чиг хандлагыг тодорхойлоход чухал суурь мэдээлэл болох юм.
Ногоон шилжилт эрчимжиж буй энэ үед эрчим хүчний салбарын өрсөлдөх чадвар нь технологийн шинэчлэлээс гадна түүнийг авч явах хүний нөөц, ур чадвараар хэмжигдэх болоод байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүйн ур чадварын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэх энэхүү форум нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийн хөгжлийг суурийг тодорхойлох чухал хэлэлцүүлгийн нэг болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Форумд оролцох хүсэлтэй байгууллага, мэргэжилтнүүд 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн дотор https://forms.gle/5nf4zWTJvrjCKLFQ6 холбоосоор бүртгүүлэх боломжтой бөгөөд оролцогчдын бүртгэлийг зургаадугаар сарын 4-ний өдөр баталгаажуулах юм.
