E-Sight
Б.Найдалаа: Салбар хэрэглэгчид чиглэсэн, хэрэглэгч төвтэй ухаалаг болох ёстой

Б.Найдалаа: Салбар хэрэглэгчид чиглэсэн, хэрэглэгч төвтэй ухаалаг болох ёстой

- Асуудлуудыг аргацаах биш сууриар нь урт хугацааны шийдэл болохуйцаар дорвитой ажиллаж байгаа - 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2026.05.06) эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. 

Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах бүхий л үе шатанд өртөг зардлыг 3-аас доошгүй хувиар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчлох, засаглалыг сайжруулах талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгожээ. Мөн хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулах, хэрэглэгч өөрийн хэрэглээг хянах, хэмнэх, төлбөр төлөх механизмыг хялбаршуулах боломжийг бүрдүүлж ажиллахыг даалгасан байна. 

Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг давах бэлтгэл ажилтай холбоотойгоор дараах ажлыг даалгажээ. Үүнд, 

  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах, 
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлэх “Зэс Оюу” станцыг энэ оны наймдугаар сараас өмнө ашиглалтад оруулах, 
  • Эрчим хүчний системийн оргил ачааллын үед үүсэх чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 
  • Таван аймагт 5 байршилд нарны цахилгаан станцыг богино хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэх. 

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцуулсан юм. Тэрээр “Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар ажилдаа ороод эрчим хүчний асуудалд онцгой ач холбогдол өгөн ажиллаж байна. Үүн дотор тулгамдсан асуудлуудыг аргацаах биш сууриар нь урт хугацааны шийдэл болохуйцаар, санхүү эдийн засгийн хувьд бие даасан байдалтай, үнэ тарифын хувьд иргэдэд ээлтэй, үр ашигтай, шинэ технологи нэвтэрсэн эрчим хүчний салбарыг бий болгохын төлөө дорвитой ажиллаж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор хэд хэдэн шийдвэр гарлаа. Өвөлжилтийн бэлтгэл бол эрчим хүчний салбар төдийгүй, Монгол Улсын хувьд онцгой чухал асуудал. 

Нэгдүгээрт, одоо баригдаж байгаа хувийн хөрөнгө оруулалттай Сэлэнгийн 70 МВт чадалтай дулааны цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтад оруулах. БНХАУ-аас эрчим хүч импортлоход шаардлагатай байгаа “Зэс-Оюу” дэд станцыг шуурхай ашиглалтад оруулах. Мөн оргил ачааллын үед иргэд, ААН байгууллагын цахилгааныг хязгаарлахгүйн тулд батарей хуримтлуурын төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх. Түүнчлэн таван аймагт таван байршилд нарны цахилгаан станцыг богино хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. 

Хамгийн чухал асуудал бол үнэ тариф гэхээсээ илүүтэй салбарын үр ашиг, зардал, засаглалын асуудал. Яаж цахилгаан, дулаан үйлдвэрлэл болон дамжуулах, түгээх өртгийг бууруулах вэ, энэ чиглэлээр хамгийн багадаа гурван хувийг богино хугацаанд бууруулна гэсэн чиг үүргийг өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайдад өглөө. Өртгийг гурав болон түүнээс илүү хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол зөвхөн зардал бууруулах биш засаглалын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх, орон тооны оновчлол хийх гэх мэтчлэн судалгаа тооцоотой хийх ажлууд бий. 

Энэ салбар хэрэглэгчид чиглэсэн, хэрэглэгч төвтэй ухаалаг болох ёстой. Эрчим хүч бол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Хэн, хэзээ, ямар төлбөр төлсөн зэрэг хэрэглэгч төвтэй ухаалаг системийн нэвтрүүлэх чиг үүргийг өглөө. 

Манай улс дулаанаа тоолуураар хэмждэггүй. Тиймээс дулааны тоолуурыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажилд бэлтгэх, энэ оны гуравдугаар улиралд багтаан ажлыг эхлүүлэх үүргийг өгсөн. 

Эрчим хүчний салбар тулгамдсан олон асуудалтай байгаа. Гэвч богино хугацаанд аргацаах бус урт хугацааны Монгол Улсын хөгжлийн эдийн суурь салбар гэдэг утгаар ач холбогдол өгөн бодлогын шийдлүүдийг цогцоор хэрэгжүүлж байна” гэв.