Манай улсад анх удаа “Эрчим хүчний төлөвлөлтийн нийтийн сонсгол” Баянхонгор аймгийн төв Баянхонгор суманд нийт 320 оролцогчтойгоор (2026.05.01) эхэллээ. Сонсголд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Ариунболд нар болон төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл төдийгүй БНХАУ-ын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.
Энэхүү сонсголыг зохион байгуулахаар санаачилсан Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нээж хэлсэн үгэндээ “Манай аймаг хяналтын олон сонсгол хийсэн. Энэ удаад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн хүрээнд “Монголын тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ, Энержи Инсайт сэтгүүлтэй хамтран Монгол Улсдаа анх удаа төлөвлөлтийн сонсгол хийж байна. Агаарын бохирдол, эрчим хүчний чанаргүй байдал зэрэг амьдралын чанарт нөлөөлж буй олон асуудалд шийдэл олоход энэхүү эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол ихээхэн ач холбогдолтой юм. Эрчим хүчнийхээ өнөөгийн байдлын талаар аймгаараа нэг ойлголтод хүрч, нэг бодлоготой байж, цэгцтэй ажиллах нь чухал.
Баянхонгор аймаг сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй. Иймээс бид нар, салхины эрчим хүчний төслүүдийг дэмжих, алслагдсан сум, багийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, хэмнэлт болон үр ашигтай хэрэглээг хэвшүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтыг бодлогын түвшинд хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн төлөвлөлтийн сонсгол бол нэг удаагийн үйл ажиллагаа биш. Баянхонгор аймгийн цаашдын хөгжил, ирээдүйн эрчим хүчний бодлого чиглэлийг тодорхойлоход чухал алхам болно. Зөвхөн асуудал ярих бус шийдлээ хамтдаа тодорхойлж, иргэдийн оролцоонд тулгуурласан нээлттэй, ил тод төлөвлөлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэлийг тавьж байна. Энэхүү сонсгол нь бодлого боловсруулахад иргэдийн дуу хоолойг тусгах, улмаар шийдвэр гаргалтыг илүү оновчтой, хүртээмжтэй болгох учиртай. Сонсголд оролцогчдын санал, шүүмж бүхэн Баянхонгор аймгийн хөгжлийн бодлогын үнэт суурь болох болно” гэдгийг онцоллоо.

Баянхонгор аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 25-ны өдрийн 180 дугаар Захирамжаар байгуулагдсан Ажлын алба энэхүү Эрчим хүчний төлөвлөлтийн нийтийн сонсголыг зохион байгуулж байна. Монгол Улсын Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргын зөвлөх Э.Ганзоригийг Сонсгол даргалагчаар томилсон бөгөөд тэрээр сонсголыг удирдсан юм. Ажиглагчаар төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийг төлөөлсөн нийт 5 төлөөлөл, мөн хараат бус шинжээчээр Монгол Улсын зөвлөх инженер С.Цэцгээ, Б.Батлхагва нар оролцож байна.
Төлөвлөлтийн нийтийн сонсголын үндсэн танилцуулга болох Баянхонгор аймгийн эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаар “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Уламбаяр, аймгийн эрчим хүчний төлөвлөлт, бодлого, төсөл хөрөнгө оруулалтын чиглэлийг аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхбаяр нар тус тус танилцуулав.
Арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж дохионы хэлмэрч ажиллаж буй юм. Үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу оролцогчид үндсэн илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуусны дараагаар мөн оролцогчид, шинжээчид тус тус байр суурь, санал, тайлбар, шүүмж, зөвлөмжөө илэрхийлсэн. Сонсгол дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор дүгнэлт, саналыг нэгтгэн боловсруулж олон нийтэд хүргэх юм.
Баянхонгор аймгийн эрчим хүчний төлөвлөлтийн нийтийн сонсголыг Монгол орон даяар зургаан сувгаар шууд дамжуулж байна.

