E-Sight
Баянхонгор аймаг “Эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол”-ыг анх удаа зохион байгуулна

Баянхонгор аймаг “Эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол”-ыг анх удаа зохион байгуулна

Баянхонгор аймаг эрчим хүчний салбарын бодлого, төлөвлөлтөө илүү нэгдмэл, бодит мэдээлэлд суурилсан байдлаар хөгжүүлэх зорилгоор “Эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол”-ыг анх удаа зохион байгуулах (2026.05.01) гэж байна. Тус сонсголыг аймгийн Засаг дарга Э.Энхбатын санаачилгаар зохион байгуулж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, иргэд, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангасан олон талт хэлэлцүүлэг өрнөнө.  

Төлөвлөлтийн сонсгол Монголд өмнө болж байгаагүй, мөн эрчим хүчний асуудлаар сонсгол анх удаа хийж байгаа тул аль алинд нь эхний туршлага болох юм. 

2025 оны байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 86.5 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бол өвлийн оргил ачаалал 17.2 МВт хүрсэн байна. Аймаг нь урт шугамын төгсгөлд холбогдсон, хүчдэлийн уналт ихтэй 17 сумтай бөгөөд үүнээс шалтгаалан эрчим хүчний алдагдал, тасалдал өндөртэй. 

Түүнчлэн агаарын бохирдлын түвшин өндөрт тооцогддог аймгийн нэг юм. Аймгийн хэмжээнд 118 уурын зуух ажиллаж байгаагаас 70 нь Баянхонгор суманд төвлөрч, 4,894 айл өрх, 400 гаруй аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж байна. Эдгээр уурын зуух нь агаарын бохирдлын 25 хувийг бүрдүүлдэг бол гэр хорооллын айл өрх 68 хувь, үлдсэн хувийг автомашины ялгаруулалт эзэлж байна.

Энэхүү нөхцөл байдал нь эрчим хүч, дулаан хангамжийн системийг тасралтгүй, найдвартай ажиллуулахын тулд нэгдсэн, урт хугацааны төлөвлөлт шаардлагатайг харуулж байгаа юм. 

Үүнтэй холбоотой гарц шийдэл, бодлого төлөвлөлтийг хэлэлцэх “Эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол” нь Баянхонгор сумын Tse ресторанд болно. Сонсгол нийт таван цаг үргэлжлэх бөгөөд 400 гаруй оролцогч, 8 ажиглагч, 2 шинжээч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Сонсгол нь Нийтийн сонсголын тухай хууль, журам, холбогдох бусад хуулийн дагуу урьдчилан баталсан дэг, хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж, оролцогч талууд тодорхой эрх, үүргийн хүрээнд мэдээлэл, санал, тайлбараа нээлттэй солилцох юм.

Төрийн болон мэргэжлийн байгууллагууд бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулах бол иргэд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод болон хөндлөнгийн шинжээчид эдгээр асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцоно. 

Энэхүү сонсгол нь шийдвэр гаргалтаас ангид зохион байгуулагдах бөгөөд гарсан санал, шүүмжлэл, зөвлөмжийг аймгийн шийдвэр гаргагчдад хүргүүлэх юм. Үр дүнг бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг сайжруулах, олон нийтийн хэрэгцээ, эрсдэлийг тусгах, шийдвэр гаргахын өмнөх мэдээллийн суурь болгон ашиглана. 

Эрчим хүчний төлөвлөлтийн сонсголыг дараах сувгаар шууд дамжуулна.

Сонсголыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байгаа бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн хүрээнд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл болон “Энержи Инсайт” сэтгүүл дэмжин хамтарч ажиллаж байна.

Монгол Улсад Нийтийн сонсголын тухай хууль 2015 онд батлагдсан хэдий ч “төлөвлөлтийн сонсгол”-ыг өмнө нь зохион байгуулж байгаагүй. Энэ төрлийн сонсгол нь дэд бүтэц, эрчим хүч, хот байгуулалт зэрэг нийтийн ашиг сонирхолд хамаарах бодлого, төлөвлөгөө боловсруулах шатанд олон нийтийн оролцоог хангах чухал механизм юм.