Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах ногоон тогтоол (2026.04.29) батлагдлаа. Энэхүү тогтоол нь эрчим хүчний үйлдвэрлэл, дэд бүтэц, санхүүжилтийн шинэ тогтолцоог цогцоор нь хөгжүүлэхэд чиглэж байна.
Тогтоолын хүрээнд нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийн орчныг сайжруулж, иргэдийн боломжийг өргөтгөхөөр болжээ. Тодруулбал, айл өрхүүд нарны эрчим хүчний систем суурилуулах зорилгоор авах зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргаж, ногоон зээлийн ангилалд шилжүүлнэ. Ингэснээр урт хугацаатай, бага хүүтэй, илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжих боломж бүрдэх юм.
Хоёрдугаарт, шугамын алдагдал өндөртэй зарим аймгийн төвүүдэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, батарей хуримтлуурын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Эрчим хүчний яам өнөөдрөөс эхлэн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ирэх тавдугаар сарын 20-ны дотор Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр зэрэг таван аймагт тус бүр 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 20МВт/80МВт.цагийн багтаамжтай батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төслүүдийг 2026-2027 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар болжээ.
Мөн цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зорилгоор цэнэглэх дэд бүтэц байгуулсан аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн татварын хөнгөлөлт , хөнгөлөлттэй зээл олгох, техникийн нөхцөл болон сүлжээний холболтын зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнчлэн нийт долоон байршилд цахилгаан автомашины цэнэглэх цогцолбор байгуулах бөгөөд үүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэх юм.
Үүнээс гадна өрхийн эрчим хүчний холболт, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг гүйцэтгэх тусгай компаниудыг шинээр бүртгэн, чанар стандарт хангасан шийдлийг санхүүжилтийн хамт цогцоор нь үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь эрчим хүчний үйлчилгээ үзүүлэх шинэ төрлийн тогтолцоо бий болж, иргэдэд илүү хүртээмжтэй, найдвартай үйлчилгээ хүргэх боломжийг нээх юм.
