Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрлийг ЭХЯ, ЭХЗХ гэсэн хоёр үндсэн байгууллага олгож байна.
Энэхүү зөвшөөрөл олгох явц нь ойлгомжгүй, хөрөнгө оруулагчид хохирч үлдэх нь түгээмэл, зөвшөөрлийн эрүүл бус тогтолцоотой гэдгийг Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын эрчим хүчний барилга засварын холбоо, Эрчим хүчний зөвлөлийн зүгээс үзэж байна. Иймээс зарим зөвшөөрлийг холбогдох төрийн албаныхан олгодгийг хэвээр үлдээж, харин тодорхой зөвшөөрөл олголтыг мэргэжлийн холбоодод өгч, мөн хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гол хоёр хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй аж.
Эрчим хүчний яам Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу барилга угсралт, засвар, туршилт, зураг төслийн зэрэг 22 төрлийн тусгай зөвшөөрлийг олгодог. 2026 онд 832 компани давхардаагүй тоогоор эдгээр зөвшөөрлийг эзэмшиж байна.
Тусгай зөвшөөрөл олгодог өөр байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хороо бөгөөд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэгчдэд худалдах, экспортлох зургаан үндсэн зөвшөөрөл олгодог. Тус байгууллага бүртгэлээс эхлээд гэрчилгээ олгох хүртэлх зургаан үе шаттай цахим процессыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Өнөөгийн байдлаар нүүрсний станцын 16 ГВт, сэргээгдэх эрчим хүчний 1.5 ГВт хүчин чадлын бүхий зөвшөөрлүүд олгогдоод байна.
Эрчим хүчний салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудал байгааг дээрх холбоод нэгтгэн гаргасан байна. Үүнд:
- Төлөвлөлтийн тодорхойгүй байдал: Эрчим хүчний мастер төлөвлөгөө, замын зураглал тодорхойгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын цаг, хөрөнгийг үр дүнгүй үрж байна. Цаасан дээр өндөр хүчин чадлын зөвшөөрөл олгогдсон ч газар олголт, техникийн нөхцөлийн асуудлаас болж хөрөнгө оруулагчид хохирч үлдэх тохиолдол түгээмэл байна.
- Эрх ашгийн хамгаалалт ба эрсдэл: Зохицуулалтын орчин нээлттэй хэдий ч хөрөнгө оруулагчид болон зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашгийг бодитоор хамгаалж чадахгүй байна. Үүнээс үүдэн хуулийн маргаан гарах, зах зээлд эрүүл бус өрсөлдөөн үүсэх эрсдэлтэй байна.
- Чадавхын дутагдал буюу "Хийсвэрлэл": ЭХЯ-наас зөвшөөрөл авсан 844 компани байгаа ч үүний ердөө 200 орчим нь л байнгын ажлын байраар хангаж, бодит үйл ажиллагаа явуулж байна. Бусад нь хүний нөөц, техник, санхүүгийн чадавхгүй компаниуд байна.
- Зөвшөөрлийн эрүүл бус тогтолцоо: Нэг аж ахуйн нэгж үйлдвэрлэх, түгээх, дамжуулах, зураг төсөл, угсралт зэрэг олон тусгай зөвшөөрлийг давхардуулан эзэмшиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, хяналтыг сулруулан, бусад хувийн хэвшлийнхний оролцоог хязгаарлаж байна. Ялангуяа төрийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олон тусгай зөвшөөрлийг зэрэг эзэмшиж байна. Хэрвээ энэ тусгай зөвшөөрлийг давхардуулан олгохгүй жишээ нь ЭХЗХ-ны тусгай зөвшөөрөл авсан этгээд ЭХЯ-ны тусгай зөвшөөрлийг давхар авахгүй байх зохицуулалт хийвэл аж ахуйн нэгжүүд өрсөлдөх орчин сайжирна гэж үзэж байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх, тусгай зөвшөөрлийн тогтолцоог эрүүлжүүлэхийн тулд хэд хэдэн алхам хийхээр байна.
- Хууль эрх зүйн шинэчлэл хийх: Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах.
- Төлөвлөлтийг нээлттэй болгох: Эрчим хүчний урт болон дунд хугацааны төлөвлөлтийн замын зураглалыг гаргаж, олон нийт, хөрөнгө оруулагчдад ил тод танилцуулах.
- Дэд бүтцийг эрчимжүүлэх: Улсын төсвөөр хэрэгжих томоохон дэд бүтцийн төслүүд, ялангуяа дамжуулах шугам, дэд станцын бүтээн байгуулалтыг хурдасгах. Түүнчлэн Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийг баталж, хатуу мөрдүүлэх.
- Зөвшөөрлийн олголтыг ил тод, хариуцлагатай болгох: ЭХЗХ-ноос олгох зөвшөөрлийг илүү нээлттэй, үр ашигтай болгож, зөвхөн цаасан дээр биш бодит амьдрал дээр (газар, техникийн нөхцөлтэйгөө уялдуулж) хэрэгжих боломжийг хангах.
- Төрийн ачааллыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх: ЭХЯ-наас олгож буй зөвшөөрлүүдийн шаардлагыг Зөвшөөрлийн тухай хуулийн концепцод нийцүүлэн хөнгөвчилж, чөлөөлөх. Улмаар тусгай зөвшөөрлийн урьдчилсан дүгнэлт, үнэлгээ гаргах чиг үүргийг Мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх, процессыг бүрэн цахимжуулах, зардлыг ил тод болгох хэрэгтэй.
- Мэргэжлийн холбоодын зохион байгуулалт: Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал одоогоор бүрэн тодорхой болоогүй байгаа тул салбарын холбоод эртнээс нэгдсэн зохион байгуулалтад орж, энэхүү шилжилтэд бэлдэх нь зүйтэй байна.
Төгсгөлд нь, хууль эрх зүйн шинэчлэл хийж, төлөвлөлт, дэд бүтэц, зөвшөөрөл олголтыг ил тод, уялдаатай болгох нь эрчим хүчний салбарын тогтолцоог сайжруулах үндсэн нөхцөл болж байна. Үүний зэрэгцээ төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод үе шаттай шилжүүлж, салбарын өөрийн зохион байгуулалтыг бэхжүүлэх шаардлагатай байна.
