Монгол Улсын эрчим хүчний салбарт хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болж байгааг “Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ноос мэдээллээ.
Одоогоор тус салбарт нийт 14,414 хүн ажиллаж байгаа ч цалин хөлс хөдөлмөртөө нийцэхгүй, ажлын ачаалал өндөр, ажиллах орчин хангалтгүй зэрэг шалтгаанаар хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Судалгаагаар ажилтнуудын 90.8 хувь нь цалингийн түвшин гол асуудал гэж үзсэн бол 49.4 хувь нь ажлын ачаалал, 39.1 хувь нь ажиллах нөхцөл муу байгааг онцолсон байна.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл нь салбарын ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж, идэвхэд нөлөөлж байна. Түүнчлэн ажлын байранд мерит зарчим бодитоор хэрэгжиж байгаа эсэх, ур чадварыг шударгаар үнэлж байгаа эсэхэд ажилтнууд эргэлзэж байна.
Эрчим хүчний салбарын ажиллах хүчний насжилт нэмэгдэж, ахмад ажилтнууд олноор тэтгэвэрт гарч буй нь мэдлэг, ур чадварын залгамж халаа тасалдах эрсдэлийг бий болгож байна. Ялангуяа мэргэжлийн ажилтан, тусгай ур чадвартай ажилтны хомсдол илүү ажиглагдаж байгааг судалгаанд дурджээ.
Нөгөө талаас боловсрол, үйлдвэрлэлийн уялдаа сул байгаагаас төгсөгчид шууд ажиллахад бэлэн биш, дахин сургах шаардлага их гарч байгаа нь хүний нөөцийн асуудлыг хүндрүүлж байна.
Салбарын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд богино хугацаанд сургалт, менторшипийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд боловсрол–үйлдвэрлэлийн уялдааг сайжруулах, урт хугацаанд бодлого, урамшууллын тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх, тарифыг нэмэгдүүлэх, шинэчлэх зэрэг арга хэмжээ авахыг чухалчилж байна.
