E-Sight
ДЦС-5-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалга 2026 онд хийгдэнэ

ДЦС-5-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалга 2026 онд хийгдэнэ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Дулааны цахилгаан станц-5 (ДЦС-5)-ын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генераторын захиалгыг 2026 онд хийхээр төлөвлөжээ. Энэхүү захиалгад нийт санхүүжилтийн 40 хувь буюу 263.4 сая ам.долларыг зарцуулах юм.

Харин 2027 онд төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 329.2 сая ам.долларыг зуух, турбины суурийн барилга байгууламжийг барих, мөн уурын зуухны эд ангийн эхний багцыг талбайд хүлээн авахад зарцуулахаар тооцоолсон байна. Төслийн нийт санхүүжилт 658.5 сая ам.доллар бөгөөд төр болон хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм. 

Төслийн хүрээнд станцын зуух, турбины туршилт, тохируулгын ажлыг 2027 оны арваннэгдүгээр сард эхлүүлж, 2028 оны хоёрдугаар сард I блок, тавдугаар сард II блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн 2028 онд зуухны усны туршилтыг дуусгаж, цахилгаан дамжуулах сүлжээнд холбохоор тусгасан байна.

Станцын түлшийг Багануур, Шивээ-Овоо, Бөөрөлжүүт болон бусад ижил төрлийн хүхэр багатай хүрэн нүүрсээр хангаж, утааны хийн дэгдэмхий үнсний 99 хувийг шүүж, азотын болон хүхрийн ислийн ялгарлыг зөвшөөрөгдөх хэмжээнд барихаар төлөвлөжээ.