E-Sight
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр усан цахилгаан станцын төслүүд хэрэгжинэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр усан цахилгаан станцын төслүүд хэрэгжинэ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 16.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 11 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс дөрөв нь эрчим хүчний салбарт хамаарах бөгөөд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг “Төр, хувийн хэвшлийн түншлэл–хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний үеэр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн Захирал М.Амгаланбаатар танилцууллаа. 

Тэрбээр үргэлжлүүлэн, төслүүдийг барих–ашиглах–шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд хамгийн ойрын шилжүүлэх хугацаа 2030 он, хамгийн сүүлийн хугацаа 2046 он байхаар тооцсон гэдгийг дурдлаа.

Тухайлбал, Төвийн бүсэд нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэлх хүчин чадалтай усан цэнэгт цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөл хэрэгжсэнээр бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгад оролцож, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах, системийн найдвартай ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.

Төслийг 2026–2046 онд хэрэгжүүлж, барих–ашиглах–шилжүүлэх (BOT) хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус станцыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд барихаар байршлыг сонгосон байна.

Энэхүү төслийг ЭХЯ санаачилж, нийт төсөвт өртөг 537.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэхээр болжээ. 

Одоогоор төсөл бүрэн шинжилгээний шатанд, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БОННҮ), зураг төслийг боловсруулах шаардлагатай байна. 

Үүнээс гадна “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станц”-ын төслийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. Баянхонгор аймагт хэрэгжих төсөл ашиглалтад орсноор жилд 59.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Бөмбөгөр дэд станцад холбогдон төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.

Мөн төслийн хүрээнд цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг жилд 17 сая кВт.цагаар бууруулах, улмаар импортын эрчим хүчний хамаарлыг багасгах ач холбогдолтой гэж үзэж байна.

Төслийг зураг төсөл–барих–ашиглах–шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг 190.3 тэрбум төгрөг байна. Энэхүү төслийг ЭХЯ санаачилж, санхүүжилтийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөжээ. 

Одоогоор төслийн урьдчилсан судалгаа, шинжилгээ хийгдэж дууссан, Сангийн яамны хяналтын шатанд явж байна. Харин цаашид БОННҮ, зураг төслийг боловсруулах шаардлагатайгаас гадна төсөл хэрэгжих байршилд олгогдсон ашигт малтмалын хоёр лицензийг цуцлуулах асуудал тулгамдаж байна. 

Эдгээр эрчим хүчний чадлын эх үүсгүүрээс дээр нэмж Эрдэнэт хуримтлуурт УЦС төслийг хэрэгжүүлэхэд газар асуудал болж байна. Энэхүү станцын өртөг нь 234 тэрбум төгрөг байх юм. 

Түүнчлэн Улаанбаатар хотод ухаалаг тоолуур нэвтрүүлэх 180 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслийн урьдчилсан үнэлгээ хийгдээд байна.