E-Sight
Манай улс цахилгаан эрчим хүчний дутагдалтай ч яагаад экспортолдог вэ?

Манай улс цахилгаан эрчим хүчний дутагдалтай ч яагаад экспортолдог вэ?

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Энержи Инсайт Монгол Улс цахилгаан эрчим хүчний дутагдалтай ч яагаад экспорт хийдэг талаар танин мэдэхүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

2025 оны эрчим хүчний импорт, экспортын тойм

  • Монгол Улс 2025 онд 2.7 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч импортолж, 14.06 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч экспортолсон байна.
  • 2025 онд импортолсон цахилгаан эрчим хүчний 36.4 хувь буюу 983.3 сая кВт.цагийг ОХУ-аас, 63.6 хувь буюу 1.7 тэрбум кВт.цагийг БНХАУ-аас тус тус импортолсон байна.

Манай улсын эрчим хүчний онцлог юу вэ? 

Манай улсын хамгийн том Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ нь ОХУ-ын Буриадын эрчим хүчний системтэй зэрэгцэн ажилладаг. Тодруулбал, 220/110/35 кВ-ын Дархан дэд станцаас хоёр хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар ОХУ-ын Селендум дэд станцтай холбогддог байна.

Эрчим хүчний систем нь хэрэглээ, үйлдвэрлэл зэрэг явагддаг онцлогтой. Хэрэглэгчдийн ачаалал, цахилгаан станцуудын ажилд байгаа тоноглолын хүчин чадлаас хамааран хоёр улсын хооронд тасралтгүй цахилгаан эрчим хүч урсаж байдаг. Системийн ачааллаас дотоодын цахилгаан станцуудын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээ бага үед импортоор эрчим хүч авдаг.

Харин дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ хэрэглээ ачааллаас давах үед экспортлох шаардлагатай тулгардаг. Манай дотоодын үйлдвэрлэлийн 91.2 хувийг нүүрсээр ажилладаг, маневрлах чадвар муу дулааны цахилгаан станц, цахилгаан станцууд үйлдвэрлэдэг бөгөөд 8.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд үйлдвэрлэж байна.

Манай улс 24 цагийн үйл ажиллагаатай томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж цөөн байдаг. Ийм онцлогоос үүдэн ахуйн шинж чанартай буюу шөнийн цагаар эрчим хүчний хэрэглээ буурч, өглөө өндийж, оройн цагаар буюу хоол унд бэлдэх үеэр оргил ачаалалд хүрдэг байна.

Яагаад эрчим хүч экспортолдог вэ?

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хоногийн оргил ачаалал болон шөнийн бага ачааллын зөрүү 200-400 МВт-д хүрдэг. Гэтэл манай цахилгаан станцууд богино хугацаанд ачааллыг дээрх хэмжээгээр бууруулах боломжгүй байдаг. Манай системд одоо ажиллаж байгаа тоноглолыг зогсоож, явуулах боломжгүй тул зуухны ачааллыг дарах замаар ачааллыг бууруулдаг. Гэсэн хэдий ч маневрлах хурд удаан тул хэрэглээний бууралтын хурдыг гүйцдэггүй, насжилт өндөр, хуучирсан тоноглолуудын ачааллыг хэт даруулснаар эвдрэл гэмтлийн тоо мөн нэмэгддэг. Дээрх шалтгааны улмаас системийн хэвийн найдвартай ажиллагааг хангахын тулд бага ачааллын цагуудад илүү үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг ОХУ руу экспортолдог.

Хэдийгээр эрчим хүч экспортолдог ч сүүлийн жилүүдэд хэрэглээний өсөлт, эх үүсвэрийн дутагдлаас шалтгаалан экспорт буурч байна. Мөн хуримтлуурын станцууд ашиглалтад орж, шөнийн бага ачааллын цагуудад батарейг цэнэглэх, оргил ачааллыг хаахад ашиглаж эхэлсэн нь экспортыг бууруулах бас нэгэн шалтгаан болсон. Тухайлбал, 2015 онд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 54.3 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч экспортолдог байсан бол 2025 онд бараг дөрөв дахин буурч 14.06 сая кВт.цагт хүрсэн.

Харин ТБНС-нд импортын цахилгаан эрчим хүч мөн хугацаанд дөрөв дахин өсөж 176.3 сая кВт.цагаас 717.3 сая кВт.цаг болсон байна. 


Энэхүү мэдээллийг Диспетчерийн Үндэсний Төвтэй хамтран бэлтгэлээ.