
Африк тив даяар 600 сая хүн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хэвээр байгаа нь эрчим хүчний дэд бүтэц болон инновацын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна гэж Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса Африкийн Эрчим хүчний Индаба чуулганы үеэр мэдэгдлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Африк тив нар, салхи, ус, байгалийн хий, чухал ашигт малтмалын асар их нөөцтэй тул өөрсдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтойг нэмж тэмдэглэсэн байна.
Гуравдугаар сарын 3-5-нд Кейптаун хотын Олон улсын хурлын төвд 18 дахь удаагийн Африкийн Эрчим хүчний Индаба чуулган болж өндөрлөлөө. Тус чуулган нь Африк тивийн эрчим хүчний хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг юм.
Африкийн Эрчим хүчний Индаба чуулганаар Мишион300 санаачилгын санхүүжилтийг нэмэгдүүлэв. Энэхүү санаачилга нь 2030 он гэхэд 300 сая хүнийг цахилгаан эрчим хүчинд холбох зорилготой бөгөөд Рокфеллер сан 10 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсныг чуулганы үеэр зарлажээ.
Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Өмнөд Африкийн Цөмийн эрчим хүчний корпорац (Некса) болон Оросын Росатом компани цөмийн салбарт боловсрол, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаагаар цөмийн эрчим хүчийг өргөжүүлэхийг дэмжихийн зэрэгцээ шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Мөн чуулганы үеэр 2050 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх тухай тунхагт гарын үсэг зурсан нь эрчим хүчний аюулгүй байдал, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах стратегид цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй харууллаа.
Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ахиулах тухай Сайд нарын дугуй ширээний уулзалтаар хэлэлцлээ. Сайд нарын дугуй ширээний уулзалтаар цахилгаан дамжуулах дэд бүтцийн томоохон төслүүдийг хурдасгах, төслийн бэлтгэл ажлыг сайжруулах, хил дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн байна. Эрчим хүчний салбарынхан бүс нутгийн цахилгаан сүлжээ, хил дамнасан холболт нь Африк даяар найдвартай, боломжийн үнэтэй цахилгаан нийлүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцолжээ.
Өмнөд Африкт сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хийнд суурилсан цахилгаан станц, цөмийн эрчим хүч, шинэ технологи зэрэгт хөрөнгө оруулалт хийх боломжтойг Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан Хөрөнгө оруулалтын форумаас танилцуулжээ.
