E-Sight
Эрчим хүч болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах нь

Эрчим хүч болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах нь

“Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулахад олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” өндөр түвшний хэлэлцүүлэг (2026.02.06) болж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Эрчим хүчний яам болон холбогдох яамд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөл, аймгийн Засаг дарга нар, хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 100 гаруй оролцогч хүрэлцэн иржээ. 

Энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгээр үндсэн таван сэдвийн хүрээнд асуудал шийдлийг хэлэлцэх юм. Тухайлбал, “Бодлогоос бодит хэрэгжилт рүү” сэдвийн дор сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэхэд болон аймгууд дахь тархмал эх үүсвэрийг дэмжихэд шаардагдах техникийн шаардлага холболтын асуудлуудыг хөндөнө. Мөн нүүрстөрөгчийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй асуудлууд болон шийдлүүд, MRV тогтолцоог хөгжүүлэх, ногоон санхүүжилтийн зах зээл, эрчим хүчний шилжилтэд хөрөнгө татах, нийгэм-эдийн засаг, эрүүл мэндийн нөлөөлөл, цахилгаан тээврийн хэрэгсэл ба түүний дэд бүтэц чанар стандарт, санхүүжилтийг ярилцана.

Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Н.Учрал нээж үг хэлэхдээ, Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска нарт талархал илэрхийлсэн. Түүнчлэн “УИХ-аас Тархмал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай түүхэн тогтоолын хүрээнд хэрэгжих “100,000 нарны гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал үзүүлж, дэмжиж ажиллана. Мөн хууль давсан журам, хууль тогтоомжийн уялдаа холбоогүйгээс иргэдэд хүндрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэх “Чөлөөлье” санаачилгын хүрээнд айл өрхийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түгээх сүлжээнд холбоход хялбар болгох ажлыг хийж байна. Энэ хүрээнд түгээх сүлжээнд холбогдоход 9-15 шат дамжлагыг дамждаг, техникийн нөхцөлийг зургаан сараас 1 жилийн хугацаанд авдаг байсныг “чөлөөлсөн”. Одоо шинэчилсэн журмын дагуу 20 кВт болон түүнээс бага чадлын сэргээгдэх эх үүсвэрт техникийн нөхцөл шаардахгүй. Мөн ихдээ 11-28 хоногт хүсэлт шийдвэрлэх нөхцөл бүрдлээ.” гэдгийг хэлэв. 

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска “УИХ-аас тархмал эх үүсвэртэй холбоотой тогтоол гаргаж, манлайлан ажиллаж байгаа нь сайшаалтай. Энэ бол иргэд, айл өрхийг эрчим хүчний шинэчлэлийн төвд авчирч буй сайн хэрэг юм. Цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо. Бид бүх талаар дэмжин ажиллана. Өнөөдрийн хэлэлцүүлгээр цэвэр эрчим хүчний шилжилтийг хийх эсэх тухай биш нэгэнт эхэлчихсэн энэ шилжилтийг яаж эрчимжүүлэх, асуудлаа тодорхойлж, боломжит шийдлийн талаар ярилцах ёстой” гэдгийг онцоллоо. 

Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэхээр төлөвлөсөн Хэнтий, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Дорнод аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах “Сонирхол илэрхийлэх бичиг”-т Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн гарын үсэг зурна. Тус баримт бичгийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдвэрлэх болон бусад дэмжлэгийг үзүүлж ажиллах юм. 

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. 

"Хэлэлцүүлэг I: Бодлогоос бодит хэрэгжилт рүү" оролцсон төлөөлөгчдийн байр суурийг хүргэж байна. 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий: Тархмал эх үүсвэр бол төвлөрсөн бус үйлдвэрлэл. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн тухайд айршлын хувьд өргөн хүрээнд төвлөрсөн бус байдлаар томоохон нар салхины эх үүсвэр гэдэг концепц явж байна. Иргэн, аж ахуйн нэгж өөрийн хэрэгцээнд зориулаад 1.5 МВт хүртэлх эх үүсвэрийг ямар ч зөвшөөрөл авахгүй. Харьцуулбал, 1.5 МВт гэдэг бол ойролцоогоор 800-1000 өрхийн хэрэглээ, АПУ хүнсний үйлдвэрийн хэрэглээ 0.9 МВт, Мишээл худалдааны төв 1.2 МВт байдаг. Харин иргэн, ААН түгээх сүлжээнд холбогдож илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх тухай журмын төслийн хэрэглэгчдэд ойлгомжтой, төвөг багатай байх өөрчлөлтийг хийж байна. 

ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун: Айл өрхийн тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх санаачилгыг ЭХЗХ дэмжиж байгаа. Бид энэ чиглэлд ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй. Харин түгээх сүлжээнд худалдах үнийн бодлогоор дэмжиж байна. Өмнө нь 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 140 төгрөгөөр айл өрх нийлүүлдэг байсан. Үүнийг 285 төгрөг болгож нэмсэн. Хэрэв батарей тавиад оргил ачааллын үед нийлүүлбэл 300 төгрөгөөр тооцохоор болгосон. Төлбөрийн буцаалтыг сар бүр, улирлаар авч болно. Энэ тал дээр ЭХЗХ-ноос 2026 онд УБЦТС-ний тарифыг батлахдаа зөвхөн сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрээс нийлүүлсэн эрчим хүчний буцаалтын төлбөрт 1 тэрбум орчим төгрөгийг тусгасан. Тэгэхээр хангагч байгууллага хэрэглэгчидтэйгээ гэрээгээ хийгээд ямар хугацаанд өгөхөө шийдээд явах боломжтой. 

“УБЦТС” ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн дарга С.Батжаргал: 2020 оноос хойш хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс УБЦТС-нд холбогдох нийт 8 МВт хүчин чадалтай 208 хүсэлт ирсэн байна. Одоогийн байдлаар 2.3 МВт чадалтай 81 хэрэглэгч техникийн нөхцлөөр түгээх сүлжээнд холбогдсон. Мөн Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалт болон НҮБХХ-ийн төсөлд хамрагдсан хэрэглэгчидтэй нийлээд 3 МВт чадалтай 192 хэрэглэгч манай түгээх сүлжээнд залгагдсан байна. 20 кВт хүртэлх хэрэглэгчдийн эх үүсвэрийг техникийн нөхцөлгүй сүлжээнд холбох боломжтой. Түгээх сүлжээнд холбогдсон 81 хэрэглэгчийн 14 хувь нь оргил ачааллын цагаар, 86 хувь нь өдрийн цагаар эрчим хүч нийлүүлдэг. Эдгээр хэрэглэгч 2025 оны гүйцэтгэлээр 370 сая төгрөгийн өртөг бүхий 593,000 кВт.цаг эрчим хүчийг нийлүүлсэн байна. Одоогийн байдлаар 41 хэрэглэгчийн 65.3 сая төгрөгийн өглөг үүссэн. 

“Баясал төгс” ХХК-ийн Захирал Г.Жавхлантуг: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт 30 МВт нарны систем, батарей хуримтлуурыг 2024 онын арванхоёрдугаар сард барьж ашиглалтад оруулсан. Төслийг анх 2016 онд эхлүүлж байсан. Олон зөвшөөрөл авах шаардлагатай болдог, зөвшөөрөл бүр олгох журам, хүчинтэй хугацаатай. Энэ олон зөвшөөрөл нэгэн зэрэг хүчинтэй байх боломж хэцүү. Тэр хугацаанд нь санхүүжилтээ олох нь сорилт байсан. ОУ-ын байгууллага, хувийн хэвшил, банкуудтай уулзаж байхад төртэй холбоотой зөвшөөрлийн хугацаандаа хийж чадах уу, мөнгөө олж авч чадах уу гэдэг асуултууд хүнд байсан. Ямартай ч 2022-2023 онд манай бүх зөвшөөрөл хүчинтэй байж таараад Хаан банкнаас ногоон зээл авч чадсан. Энэ төслийнхөө хүрээнд Япон улсын Засгийн газартай хоёр улсын хооронд байгуулсан хамтарсан кредит механизмын хүрээнд санхүүгийн дэмжлэг авч чадсан. Саад бэрхшээлийн хувьд зөвшөөрлүүд болон газрын асуудал. Дээрээс нь байгаль орчны үнэлгээ хийлгэх төвөгтэй. Ногоон, сэргээгдэх эх үүсвэр барихын тулд уул уурхайн компанитай адил байгаль орчны үнэлгээ, тайлан хийгддэг нь төслийн хувьд сорилт байсан. Эцэст нь зөв төлөвлөлт хийвэл цахилгааны тогтвортой эх үүсвэр барьж хүчдэлийн уналтыг бууруулж, иргэдийг найдвартай эрчим хүчээр хангаж, горим барих боломжтой гэдгийг харуулж чадлаа. Цаашид бусад ийм төслүүдийн хувьд газар олголт, байгаль орчны асуудалд тогтвортой бодлого барьж, шийдвэр гаргагч байгууллагууд маань хурдтай байгаасай гэж хүсэж байна.  

“Монхорус Солар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батлхагва: 2021-2025 оныг хүртэл нийт улсын хэмжээнд 2800 кВт чадалтай 111 хэрэглэгчийн нарны эх үүсвэр түгээх сүлжээнүүдэд журмын дагуу техникийн нөхцөлөө аваад холбогдсон байна. Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглэгчид тархмал эх үүсвэр суурилуулах сонирхол ихтэй болсон. Үүнтэй холбоотойгоор зөвхөн 2025 оны байдлаар 733 ширхэг тархмалын инвертерийг улсын хилээр оруулж ирсэн байна. Нийт 9800 кВт хүчин чадалтай инвертер орж иржээ. Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн холбооны хэмжээнд 60 гаруй аж ахуйн нэгж тархмал эх үүсвэрийг барьж, байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс тусгай зөвшөөрлөө авсан нь 10 хүрэхгүй байна. Тусгай зөвшөөрлийн шаардлага маш өндөр байдаг. Өнөөдөр мөрдөж буй журмаар бол 10 инженертэй компани тусгай зөвшөөрөл авна. Гэтэл тархмалын компаниуд 1-2 инженертэй байдаг. Нэг айл өрхөд нарны систем суурилуулахад хамгийн хурдандаа 7 хоног шаардлагатай. Тэгэхээр нэг компани жилд ихдээ 50 гаран төсөл хийх боломжтой харагдаж байна.