Б.Чойжилсүрэн 2022 оноос өнөөг хүртэл хоёр Ерөнхий сайд, гурван Засгийн газар дамнан Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Эрчим хүчний салбарын асуудал нь хүн бүрийн анхаарлын төвд байдаг “халуун” сэдэв төдийгүй эдийн засгийн хөгжлийн чөдөр, тушаа болсон гэгдэх энэ цаг мөчид салбарын сайдын хэлсэн үг өгүүлбэр, байр суурь болгон нь чухал ач холбогдолтой юм. Тиймээс Б.Чойжилсүрэн сайдын эрчим хүчний салбарыг толгойлж, чиглүүлсэн гурван жилийн хугацаан дахь “амлалт”, байр суурийг эргэн сануулж, эргэцүүлэн дүгнэх боломжийг уншигчдадаа олгох зорилгоор “Энержи Инсайт”-ын энэхүү хуудаснаа нэгтгэн хүргэж байна.
- Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар анх удаа томилогдсон (2022.08.30)
- Гурван намын хамтарсан Засгийн газарт улираан томилов (2024.07.10)
- Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүлсэн Засгийн газарт гурав дахь удаагаа Эрчим хүчний сайдын алба хашиж байна. (2025.06.17)
"СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДЛЫГ 1756 МВТ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛҮҮДИЙГ ЭХЛҮҮЛСЭН"
2022.08.30 Эрчим хүчний салбар нэлээн хүндрэлтэй байдалд орсон. III ДЦС-ын өргөтгөл болон Тавантолгойн цахилгаан станцын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ.Эгийн голын УЦС-ын ажлыг эхлүүлэх ажил хүнд байна. Гэхдээ үргэлжилнэ. Есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод олон улсын эдийн засгийн чуулган болно. Үүнд Ерөнхий сайд оролцох яриа бий. Би сайдын айлчлалын багт орж Эгийн голын цахилгаан станцын ажлыг нэг талд нь гаргана.
2022.12.02 Улс орны хөгжил, эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогуудад тусгуулан ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсч байгаа тул дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ мөн адилаар нэмэгдэх шаардлагатай байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлыг 1756 МВт нэмэгдүүлэх төслүүдийг эхлүүлсэн. IV ДЦС-ын хүчин чадлыг 46 МВт, Эрдэнэт ДЦС ыг 35 МВт-аар өргөтгөсөн. Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт нарны цахилгаан станц ашиглалтад орлоо. Дорнодын ДЦС-ыг 50 МВт аар нэмэгдүүлэх төсөл 2023 онд, Амгалан ДЦС-ын хүчин чадлыг 116 гКал.цаг-аар нэмэгдүүлэх төсөл 2024 онд ашиглалтад орно.
Өмнөд бүсэд Тавантолгойн ДЦС, Улаанбаатар хотод III ДЦС-ыг 300 МВт өргөтгөх, оргил ачааллын үед ажиллах дулааны тархмал эх үүсвэрүүдийг барих төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байна.
ТБНС-д Багануурын 400 МВт ДЦС-ын концессын гэрээгээр хэрэгжүүлэх гэрээнд 2021 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Концесс эзэмшигчтэй төслийн хэрэгжилтийг хангах талд шахаж ажиллах шаардлага гарч байна.
Хувийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 МВт ДЦС-ын барилга угсралтын ажил эхэлсэн.
2025.02.14 Одоогийн байдлаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1.7 ГВт байна. Суурилагдсан хүчин чадлаасаа хэрэглээ маань давчихсан байсан. Гэхдээ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хязгаарлалт хийгээгүй. Учир нь өнгөрсөн жил эрчим хүчний 4 эх үүсвэр ашиглалтад оруулсан. Дорнод 50 МВт ДЦС, Багануурт 50 МВт батарей станц, Бөөрөлжүүт ДЦС-ын эхний 150 МВт блокийг ашиглалтад оруулсан. Тосонцэнгэлд 30 МВт ДЦС-ын төслийн 22 МВт-ыг ТБНС-д холбосон.
Түүнчлэн, Сэлэнгэд 70 МВт ДЦС ын ажил явагдаж байна, 2025 оны төгсгөлд эхний блокийг ашиглалтад оруулах байх.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэлэлцээ хийсний үр дүнд Багануурт 600 МВт хүчин чадалтай ДЦС-ын төслийг хэрэгжүүлэхээр явж байна. Энэ төсөл хэрэгжвэл 2025 оны II улиралд ажил нь эхэлнэ.
2028 оны нэгдүгээр сард 660 орчим МВт хүчин чадалтай ДЦС ашиглалтад оруулах хөрөнгө оруулагч бий. Хэлэлцээр амжилттай явж байна.
"ЗАСГИЙН ГАЗАР УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛ ҮҮРЧ ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧИЛСЭН"
2022.08.30 Цар тахал, Орос, Украины дайнаас үүдэлтэй дэлхий даяар үнийн өсөлт инфляцийн дарамтад орсон. Бүх банк мөнгөний бодлогоо чангаруулж байна. Үүнээс үүдэлтэй санхүүгийн зах зээлд эх үүсвэрийн дутагдлууд гарч байна. Манай улс эрчим хүчний үнээ өсгөөгүй учраас энэ салбар хүндрэлд орсон. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүснэ. Өргөс авсан юм шиг шийдэж чадахгүй. Үе шаттайгаар хэрэгжүүлээд явна.
2022.10.26 Эрчим хүчний салбар нэг онцлогтой. Борлуулалтын үнийг төрөөс тогтоодог, харин зардал зах зээлийн ханшаар гардаг. 2019 оноос хойших үнийн өсөлтөөс болж салбарын компани, уурхай, цахилгаан станцууд, дамжуулах болон түгээх сүлжээ гээд бүгд богино хугацааны өр төлбөрт орсон. Эргэлтийн хөрөнгийн дутагдалтай болсон. Эрчим хүчний үнийг чөлөөлөх тухай биш алдагдлыг багасгах тухай асуудал ярьж байна. Ахуйн хэрэглэгчдийн цахилгааны үнийг энэ удаад нэмэхгүй. Эдийн засгийн уналт зогсоод, өсөлт тогтворжоод ирвэл түүний дараа хоёр дахь жилээс нь нэмэх тухай ярьж магадгүй.
2022.12.02 Сүүлийн 3 жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Одоо 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. ТБНС-ний ДЦС уудад нүүрс нийлүүлдэг уурхайнууд энэ онд 109.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо гарлаа.
2025.02.14 Цахилгаан эрчим хүч ний үнэ тарифыг 2024 оны арван нэгдүгээр сарын 16-наас тодор хой хэмжээнд өртөгт нь хүргэж шинэчилсэн. Үнэнийг хэлэ хэд олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад явж байгаа боловч энэ шилжилт, энэ ажлыг хэн нэгэн хүн, хэзээ нэгэн цагт зайлшгүй хийх байсан. Манай Засгийн газар улс төрийн эрсдэл үүрээд энэ ажлыг хийж байгаа нь үнэн.
"2027 ОНД МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГҮЙЦНЭ"
2022.12.02 Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 280 МВт буюу нийт суурилагдсан чадлын 18.3 хувийг эзэлж байна. Өнөөгийн байдлаар нарны эх үүсвэрээс үйлдвэрлэсэн 1 кВт.цаг эрчим хүчийг 0.15 ам.доллар, салхины эх үүсвэрээс 0.95 ам.доллароор тус тус нэгдсэн сүлжээнд худалдан авч байна. Энэ нь ДЦС-уудын өртгөөс даруй 3-5 дахин өндөр байгаа ба хэрэглэгчдийн тариф дээр 1 кВт.цаг цахилгаан эрчим хүч тутамд 23.7 төгрөгийг нэмж байна. Тусгай зөвшөөрлөө сунгуулсан нар, салхины 11 эх үүсвэр ашиглалтад орсон тохиолдолд дэмжих тарифыг 2.1 дахин нэмэгдүүлж 57.39 төгрөг болгох ба ингэснээр салбарын нийт орлогын 44 хувийг СЭХ үйлдвэрлэгчдэд хуваарилах урьдчилсан тооцоо гарсан байна.
Төвийн бүсэд Эгийн голын усан цахилгаан станцыг барих хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд Байгал нуурын эко системд нөлөөлөх байдлыг тодорхойлох, биологийн олон янз байдлын нөлөөллийн судалгааны ажил дууссан. Тайланг дэлхийн өвийн холбооны хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төвийн бүсэд 200 МВт.цаг багтаамжтай цэнэгт хураагуурын төслийг Улаанбаатар хот дахь Сонгино дэд станцын дэргэд барих ажлыг амжилттай эхлүүлээд байна.
Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, хэрэглээний өсөлтийг хангах зорилгоор Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн 90 МВт УЦС-ын зураг төслийн ажил хийгдэж байна. Энэхүү төсөл нь гадаргын усны нөөц харьцангуй багатай хуурай уур амьсгалтай манай орны хувьд гадаргын ус хуримтлуулах экологийн ач холбогдолтой төсөл.
2025.02.14 Одоогоос хоёр сарын өмнө би “2027 оны зургаадугаар сарын 30 гэхэд Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ гүйцнэ” гэдэг амлалтыг өгсөн. 2025 оны I улиралд багтаагаад 400 МВт батарей хураагуурын төслийг хөрөнгө оруулагчтай тохироод байна. Энэ батарейг ТБНС-нээс цэнэглэхгүйгээр 1600 МВт хүчин чадалтай НЦС-ыг цуг барина. 2025 оны 12 сар, 2026 оны нэгдүгээр улирал гэхэд ашиглалтад орох байх. Ингэсэн тохиолдолд 2027 оныг хүлээхгүйгээр эрчим хүчний суурилагдсан чадал хэрэглээг давж, эрчим хүчний салбар бусад салбарыг боомилдог, хязгаарладаг байсан бол айхтар манлайлаад явдаггүй юм гэхэд бусад салбаруудынхаа хөгжлийг боомилдоггүй, хамт хөгждөг бололцоо бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээр хийлээ. Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц арвин. Нэн ялангуяа говийн бүсэд НЦС, СЦС-ын нөөц бий. Хятад Улсад цаашид ч эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх учраас сэргээгдэх эрчим хүчийг экспортолъё гэдэг саналыг Ерөнхий сайд тавьсан.
2025.05.06 Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд өөрчлөлт оруулахаас өмнө өндөр үнэтэй гэрээ байгуулсан СЭХ-ний тусгай зөвшөөрөл эзэмшигчид ЭХЯ, ЭХЗХ-той байнгын хэрүүл тэмцэл, шүүхийн маргаантай байна. Тэгээд дундын хувилбар олоод 2024 оны дөрөвдүгээр сарын эхээр Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдаж, нарны эрчим хүчийг 0.12 ам.доллароор сүлжээнд холбоно. Гэхдээ хүчин чадлын 20 хувиас доошгүй батарейтай тохиолдолд холбуулъя. Салхин станцыг 0.95 ам.доллар байсныг 0.85 ам.доллароор сүлжээнд холбоно, гэхдээ 40 хувьтай тэнцэх хэмжээний батарей суурилуул гэдэг шийдвэр гарч 11 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлсэн. Дийлэнх нь шаардлагыг хүлээж авсан. Шинээр цахилгаан эрчим хүчний тендэр зарлаагүй. Одоо 0.19 ам.доллароор ТБНС-д эрчим хүч нийлүүлж байгаа нарны станцууд бий. Нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 9.2 хувийг нийлүүлээд орлогын 27 хувийг авч байна. Сэргээгдэх эрчим хүчний компаниудын ашиг ТБНС ний алдагдал хоёр ойролцоо байна. Чиний баяжсан миний ядуурсан тэнцэнэ гэдэг шиг.
"ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС АШИГЛАЛТАД ОРТОЛ ИМПОРТОО Л НЭМНЭ"
- Одоо Монгол Улс тогтворжуулалтыг 220 кВ-ын хос шугамаар 345 МВт-ыг тултал нь ОХУ-аас 1 кВт.цаг тутам 0.65 ам.доллароор авч байна.
- Тогтвортой эрчим хүч гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Монголд усан цахилгаан станц цөөн. Эрдэнэ бүрэнгийн УСЦ-ын төсөл хэрэгжиж байна. Эгийн голын УЦС-ын төслийг хөөцөлдөж байна.
- Нар жаргаад, эсвэл салхи намдахаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй. Эсвэл тэр үйлдвэрлэсэн эрчим хүчийг нөөцлөх шаардлагатай болно. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчээр тогтвортой эрчим хүч нийлүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Эсрэгээрээ хүндэрнэ. Хэрэглээ, нийлүүлэлт хувьсах тусам системийн тогтвортой байдал их төвөгтэй болно. Эрчим хүчний яам тогтвортой эрчим хүчээр хангана гэдэг тэргүүн зорилттой. Үүнийг хангасны дараа хөгжлийн, тэлэлтийн тухай ярина.
- Манай улс өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ Эрдэнэбүрэнгийн станц ашиглалтад ортол импортоор хангана. Бараг 2028-2029 он хүртэл импортоо л нэмнэ. Өөр бололцоо алга.
- Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээг горим ажиллагааны хувьд тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий систем болгож бүрдүүлэх нь салбарын тулгамдсан асуудал болж байна. Горим тохируулгын эх үүсвэртэй байх нь өдөр шөнийн хэрэглээний горимыг зохицуулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх төдийгүй дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
- Дэлхий дахинаа техник технологи хөгжихийн хэрээр нар, салхины эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолуудын үнэ, өртөг буурч СЭХ-ний төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохион байгуулснаар зардлыг бууруулах боломж бүрдсэн.
- Одоо батарей хуримтлуурын станцыг нэвтрүүлэх гэж нэлээн оролдож байна. Салбарын сайдын бүрэн эрхийн хугацаанд хамаарч буй төсөл гэвэл Тосонгийн 30 МВт, Сэлэнгийн 70 МВт ДЦС-ыг нэрлэж болохоор байна.
Харин бусад эх үүсвэр, төсөл хөтөлбөрийн тухайд гэвэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, барилга угсралт нь эхэлчихсэн буюу сайд хэн байхаас үл хамааран хэрэгжих байсан гэхэд буруудахгүй. Бөөрөлжүүтийн 600 МВт ДЦС-ын төсөл гэхэд 2012 онд анх тусгай зөвшөөрлөө авсан байх жишээтэй. Түүнчлэн хөрөнгө оруулалт шийдэгдсэн тул ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж ам гарсан 400 МВт батарей хуримтлуурын төслийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл байхгүй байна. Монгол Улсын хэмжээнд суурилагдсан чадал цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээнээс давж, импортын хамаарлыг бууруулсан горим тохируулгын эх үүсвэртэй, улирал тутам өөрчлөгддөг индексжсэн үнэ тарифтай болно гэсэн Б.Чойжилсүрэн сайдын “амлалт” биелсэн цагт гурвантаа томилогдсны хэрэг гарах бизээ.
