E-Sight
Сэргээгдэх эх үүсгүүрийг сүлжээнд холбох журмын шинэчлэлд иргэд саналаа илэрхийллээ

Сэргээгдэх эх үүсгүүрийг сүлжээнд холбох журмын шинэчлэлд иргэд саналаа илэрхийллээ

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Оролцоо” төслийн тэтгэлгээр Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ, Энержи Инсайт сэтгүүл “Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” төслийн хүрээнд “Асуудал, шийдлийг тодорхойлцгооё” иргэдийн уулзалт (2026.02.02) боллоо. Энэхүү уулзалтад Чингэлтэй дүүргийн гэртээ нарны хавтан суурилсан, түгээх сүлжээнд холбосон болон суурилуулах сонирхолтой айл өрхийн төлөөлөл 31 иргэн оролцов. 

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь "Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний яамны шинжээч Б.Баясгаланбаатар нар оролцож иргэдийн асуултад хариуллаа. Мөн тус дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, ЗДТГ-ын Эрчим хүч, хэмнэлтийн менежер Б.Түвшинтөгс нар хүрэлцэн ирж дүүрэгт хэрэгжүүлж буй ногоон төслүүдийн талаар мэдээлэл өглөө.  

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Бодлого, дүрэм, журам боловсруулахад иргэдийнхээ саналыг тусгах ажлыг санаачлан хийж байгаад баяртай байна. Мөн Чингэлтэй дүүрэг ногоон шилжилтэд манлайлан ажиллаж байна гэдэг чухал. Иргэдийн уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Үнэтэй саналуудыг сонслоо. Хамтдаа журмын төсөлд саналаа оруулаад, батлагдсны дараа хэрэгжилтэд анхаарч, хяналт тавин ажиллацгаая. Эрчим хүчний шинэчлэлд иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцоллоо. 

Эрчим хүчний яаман дээр байгуулагдсан журмыг шинэчлэх Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, ЭХЯ-ны шинжээч Б.Баясгаланбаатар шинэчилсэн журмын төслийг танилцуулсан. Иргэдийн зүгээс журмын шинэчилсэн төсөлтэй холбоотой дараах саналыг илэрхийллээ. Үүнд, 

  • Түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний үнийг сар тутам олгох, 
  • Анхны хөрөнгө оруулалт, төлбөрийн уян хатан байдлыг зохицуулах. Ингэхдээ ногоон зээлийн хүүг багасгах, өндөр настанд ногоон зээл олгох болон хөгжлийн бэрхшээлтэй өрх айлд хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судлах. 
  • Засвар үйлчилгээг хэн хэрхэн хариуцах эрх үүргийг тодорхой болгох, 
  • Суурилуулалтын компанийн зүгээс аюулгүй байдал, засвар үйлчилгээний асуудлыг бүрэн хариуцах тал дээр анхаарах, 
  • Сэргээгдэх эх үүсгүүрийг түгээх сүлжээнд холбохоос өмнө шугам сүлжээний аюулгүй байдалд хяналт тавих, 
  • Дотоод монтаж хийх мэргэжлийн байгууллагыг албажуулах, 
  • Нарны хавтангийн чанар, насжилт, хүчин чадлын стандартыг ил тод болгох, 

Уулзалтын зохион байгуулагчдын зүгээс “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж буйтай холбогдуулан иргэдээр асуудлыг тодорхойлуулж, шийдлийг эрэлхийлж, саналыг нэгтгэлээ. Нэгтгэн боловсруулсан саналыг ирэх 7 хоногт зохион байгуулагдах оролцогч талуудын уулзалтаар хэлэлцүүлэхийн зэрэгцээ Эрчим хүчний яаманд байгуулагдсан журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлэх юм. 

“Улаанбаатар хот маань хамгийн хүйтэн нийслэл. Чингэлтэй дүүрэг манлайлан ногоон дүүрэг болохоор ажиллаж байна. Энэ шилжилтэд иргэдийн оролцоо чухал юм. Сэргээгдэх эх үүсгүүртэй болсноор агаарын бохирдлыг шийдээд зогсохгүй, цэвэр, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ нэмэлт орлого олох ч боломжтой. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг түгээж, амьдрал ахуйдаа ашиглахын төлөө цааш нь мэдээлэл түгээгээрэй.” гэдгийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Дарга Т.Уламбаяр хэлсэн юм. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Нэг журам яриад байгаа мэт боловч цаанаа бол иргэдийнхээ амьдралд хэрхэн нэмэр болох тухай юм. Тиймээс өнөөдрийн уулзалтад оролцогчид маань сэргээгдэх эрчим хүчний талаар олж авсан мэдлэг, мэдээллээ бусдадаа түгээх нь чухал байна. “Чөлөөлье” гэдэг санаачилга зөвхөн журам чөлөөлөх биш, гэр хорооллын дэд бүтцийг чөлөөлөх, шинэчлэх гэж ойлгож болно. Одоо сэтгэлгээндээ өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна. Орон сууц баригдахыг хүлээх бус, хашаандаа ая тухтай амьдрах боломжтойг олж хараарай. Хууль эрх зүйн орчинд нь журмаар нөлөөлнө, техник технологийн хувьд бол санхүүгийн дэмжлэгийг тодорхой хэмжээнд шийдмээр байгаа юм. Тэгэхээр оролцогчид маань сэргээгдэх эх үүсгүүрийн илч төлөөлөгчид болоосой гэж хүсэж байна. Бусдадаа нөлөөлөхийг хичээгээрэй.” хэмээн оролцогчид хандан уриалсан юм.