E-Sight
Бөөрөлжүүт станц хүчин чадлынхаа 30 хувиар ажиллаж байна

Бөөрөлжүүт станц хүчин чадлынхаа 30 хувиар ажиллаж байна

Хүйтний эрч эрс чангарсан өдрүүдээр хувь, хувьсгалын хоёр станцын үйл ажиллагаа доголдож, улс даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлах нөхцөл үүссэн билээ.

IV ДЦС-ын наймдугаар зуухыг албадан хөргөж, +70 хэмийн өндөр температурын орчинд яаралтай засвар хийж, 18 цагийн дотор бүрэн гүйцэтгэснээр 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс зуух хэвийн горимоор ажиллаж эхлээд байгаа. Гэвч тус станцын долдугаар зуухыг яаралтай засварлахаас аргагүй нөхцөл байдал үүссэнээр 26-ны өдрийн 22 цагт зогсоосон юм. Ингэснээр 100 МВт орчим буюу 20,000 айлын хэрэглээг хязгаарлана гэдгийг ДҮТ-өөс мэдэгдсэн. Долдугаар зуухны засварыг 29-ний өглөө 06 цагт дуусгаж, хэвийн горимд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж, бөглөрөл үүссэнтэй холбоотойгоор станцын ачаалал 300 МВт-аас буураад байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатарыг Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллах үеэр буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 11-12 цагт тус станц 300 МВт ачаалласан хэрнээ түүнээс хойш бүрэн хүчин чадлаараа нийлүүлэлт хийгээгүй байна. Тухайн өдөр Ерөнхий сайд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д ажиллахдаа “Бөөрөлжүүт цахилгаан станц нийлүүлэлтээ суурилагдсан чадалдаа (300 МВт) барина гэж мэдэгдсэн”-ийг онцолсон. 

“Бөөрөлжүүт цахилгаан станц  24-ний өдрөөс хойш хамгийн ихдээ 251 МВт ачаалал авсан бол өнөөдөр 12 цагийн байдлаар 53 МВт болтлоо буурчээ. Энэ нь тус станцын хүчин чадлын ердөө 17.6 хувь юм. Хэрвээ Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа эрчим хүч нийлүүлэхгүй бол импорт болон хязгаарлалт нэмэгдсээр байх болно. Тухайлбал, өнөөдөр хамгийн сүүлд Диспетчерийн үндэсний төвөөс авсан мэдээллээр 16 цагт Бөөрөлжүүт станц 94 МВт ачаалал авсан байна. Үүгээр бол үйлдвэрлэх ёстой байсан 300 МВт-ын зөрүү 206 МВт-ын тодорхой хувийг импортоор ОХУ-аас авах, эсвэл хязгаарлана гэсэн үг юм. 

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй энэхүү импортын эрчим хүчний зардлыг Бөөрөлжүүт станц төлөх эсэх нь сонирхолтой юм. Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай Монгол Улсад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх станцын хувьд 46 хувийн чийгшилтэй нүүрсний хөлдөх эрсдэлийг тооцоолоогүй нь хачирхалтай. 

Бөөрөлжүүт цахилгаан станцын нэгдүгээр сарын 20-27-ны өдрийн ачаалал

 

Хамгийн өндөр ачаалал

Хамгийн бага ачаалал

01 сарын 20

300 МВт хэвийн ажиллаж байсан

23:00 цагт 192 МВт

01 сарын 21

17:00 цагт 255 МВт 

04:00 цагт 152 МВт

01 сарын 22

23:00 цагт 190 МВт

04 цагт 124 МВт 

01 сарын 23

23:00 цагт 246 МВт 

14:00 цагт 100 МВт

01 сарын 24

11:00-12:00 цагт 300 МВт

02:00 цагт 209 МВт

01 сарын 25

01:00 цагт 251 МВт 

13:00 цагт 99 МВт

01 сарын 26

16:00 цагт 221 МВт

07:00 цагт 127 МВт

01 сарын 27

09:00 цагт 122 МВт

12:00 цагт 53 МВт