Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц дээр гарсан гэмтэл, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж бөглөрөх хүндрэл үүссэн зэргээс үүдсэн эрчим хүчний доголдол, нөхцөл байдал хэзээ хэвийн горимд орохыг Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэнгээс тодруулав.
Бөөрөлжүүт болон IV ДЦС-д гарсан гэмтлийг бүрэн засаж арилгаж чадсан уу? Эдгээр станцын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү.
Нэгдүгээрт, IV ДЦС-ын хувьд энэ жилийн өвлийн горим ажиллагаагаар ямар ч бэлтгэл тоноглолгүй, нийт 8 зуух, 7 турбингенератораар ажиллаж цахилгаан эрчим хүчний 680 МВт-ын ачаалалтай байсан. Дөрвөн зуухны халах гадаргууд үлээлт үүссэн. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарсан тул зуухнуудыг зогсоож засварлах боломжгүй нөхцөл байдалтай байлаа. Гэтэл 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өглөө 06:20 цагт наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарснаар зуухыг зогсоохоос аргагүй болсон.
Зуухны гэмтлийг станцын инженер техникийн ажилтнууд маань шуурхай засаж, төлөвлөгөөт хугацаанаас 10 цагийн өмнө буюу 21-ний өглөө 09:51 цаг орчимд хэвийн горимд оруулсан. Өнөөдрийн байдлаар IV ДЦС хэвийн горимоор ажиллаж байна.
Хоёрдугаарт, Бөөрөлжүүтийн станцын хувьд хүйтний эрч огцом чангарсантай холбоотой нэгдүгээр сарын 20-ны орой 18 цаг орчимд зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж бөглөрөл үүссэн. Үүний улмаас станцын нүүрс дамжуулах үйл ажиллагаа доголдож, станцын ачаалал 300 МВт-аас 120 МВт болж буурсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн болгохоор нүүрсний бункерын буух хоолойг халуун агаараар үлээлгэх, гаднаас нь халаах, гаднаас доргиож буулгах зэрэг ажлыг хийж байна. ЭХЯ, IV ДЦС, III ДЦС, Амгалан ДЦС, УБДС, УБЦТС зэрэг компанийн 30 гаруй төлөөллөөс бүрдсэн шуурхай баг одоо ч газар дээр нь ажиллаж байна. Бөөрөлжүүтийн станц 300 МВт ачааллах горимтой. Одоогийн байдлаар 120 МВт ачаалалтай байна.
Ийм нөхцөл үүссэн тохиолдолд хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэх, эрсдэлээс сэргийлэх тогтолцоо хэр үр дүнтэй ажилласан бэ? Гэнэтийн осол аваарын үед ажиллах дүрэм журмаа сахиж, иргэдээ мэдээлэлтэй байлгаж чадсан уу?
Харин тийм ээ. Өвлийн их ачааллын үед гэмтэл, тасрал саатал гарах тохиолдолд нэгдсэн сүлжээний тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор 60-80 МВт ачааллыг хязгаарлах 16 багц хөтөлбөрийг боловсруулан баталсан байдаг. Хэрэглэгчийн тасралтын хугацааг ойролцоогоор 1-2 цаг орчим үргэлжлэхээр төлөвлөсөн. Дээрх 16 багц хөтөлбөрийн дагуу цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаас тухайн багцад хамаарах хэрэглэгч тус бүрд урьдчилан гар утасны дугаараар нь мессеж илгээн мэдэгдэж байгаа. Үүн дээр нэг асуудал үүсээд байна. Зөвхөн гар утасны операторуудаар дамжуулан мессеж илгээхээр ачаалал нь ихсээд цаг тухайдаа мессеж очихгүй тал байна. Тиймээс хэрэглэгчид сошиал платформ түлхүү хэрэглэдэг болсон учраас олон нийтийн сүлжээгээр мэдээллээ хурдан шуурхай явуул гэдэг үүрэг өгөөд байж байна.
Гурав, дөрвөн хоног үргэлжилж буй энэ нөхцөл байдал хэзээ сайжрах вэ? Дулаарсан ч Бөөрөлжүүт бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй бол 180 МВт-аар хязгаарласан хэвээр байх уу?
Хүйтний эрч маргаашнаас буурч эхлэх төлөвтэй байна. Огцом хүйтрэлт буурахаар Бөөрөлжүүтийн станцын 46 хувийн чийгшилтэй нүүрч хөлдөх эрсдэл багасаж ачаалал буцаад 300 МВт болж байж чадлын дутагдал үүсэхгүй хэвийн горимд ороод явна.
Энэ өвөл ТБНС-ний оргил ачааллыг 1800 МВт байхаар тооцоолсон. Гэтэл өнгөрсөн өдрүүдэд 1800-гаас давчихаад байна. Өнгөрсөн жилийн энэ өдрүүдтэй харьцуулахад 310 МВт өссөн үзүүлэлттэй байна. Ирэх жилүүдэд энэ жил шиг хүйтэрвэл яах вэ гэдэг асуудал байна. Өвлийн оргил ачааллын үед суурь горимд ажиллаж байгаа ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй учраас ийм асуудлууд үүсэж байна. Тиймээс станцуудынхаа өргөтгөл шинэчлэлийг зайлшгүй, яаралтай хийх шаардлага байна. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эх үүсвэрийн чадлын нөөцтэй болох төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна.

