Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2025.11.28) “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц (IV ДЦС)” ТӨХК-ийн удирдлагад хариуцлага тооцохыг чиглэл болгосон. Үүний дагуу IV ДЦС-ын Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягийг ажлаас чөлөөлж Н.Тавинбэхийг (2025.12.02) томилжээ.
Нансалын Тавинбэх нь 1971 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1995 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 2003-2004 онд АНУ-д мэргэжил дээшлүүлжээ. Мөн 2008 онд Удирдлагын академийн бизнесийн удирдлага, 2020 онд ШУТИС-ийн эрчим хүчний магистрын зэргийг тус тус хамгаалсан.
Тэрээр, 1995-1998 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газраас ажлын гараагаа эхэлж дэд станцын монтёр, мастер, инженер, засварын албаны даргаар ажилласан. Тэгвэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д маркетингийн албаны менежер, дарга, Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий менежерээр 1999-2007 онд ажиллаж, улмаар 2007-2013 болон 2017-2020 онуудад нийтдээ 10 жил Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэжээ. Мөн “Багануур Энерги” ХХК-ийн захирлаар 2013-2015 онд, Багануур хотын Захирагчаар 2015-2016 онд тус тус ажиллаж байсан. Үүний зэрэгцээ 2008 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.
2020 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан билээ. Улмаар 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон юм.
