E-Sight
Хувийн хэвшлийн 7 компани эрчим хүчний чиглэлээр оюутны тэтгэлэг олгодог

Хувийн хэвшлийн 7 компани эрчим хүчний чиглэлээр оюутны тэтгэлэг олгодог

Их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж эхэллээ. Тэгвэл зөвхөн эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Эдгээрийн дийлэнх нь салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн нэрэмжит тэтгэлгүүд юм. 

Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх мэргэжилд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж гэж тодорхойлсон байдаг. Тиймээс Засгийн газрын бүхий л тэтгэлэг, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой юм. 

“Монхорус Интернэшнл” ХХК нэрэмжит тэтгэлэг 

  • Их дээд сургуулиудад эрчим хүч, автоматжуулалт, электроникийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад хагас болон бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгодог. 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулж өдгөө 33 оюутан хамрагджээ. 

“Ньюком” группийн нэрэмжит тэтгэлэг 

  • Уулын цахилгааны инженер, цахилгааны автоматик инженерээр суралцаж буй 6 оюутанд тус бүр 2.5 сая төгрөгийн тэтгэлэг олгодог. 

“Сайншанд салхин парк” ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг 

  • Эрчим хүчний сургуулийн 2-4 дүгээр курсийн оюутнуудад тухайн жилийн сургалтын төлбөрийг олгохын зэрэгцээ ажлын байр ч санал болгодог байна. 

“Бөөрөлжүүт” цахилгаан станцын нэрэмжит тэтгэлэг 

  • Эрчим хүчний чиглэлээр суралцаж буй III, IV курсийн 5 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, зөөврийн компьютер, цалинтай дадлага хийх эрх олгодог. Мөн төгсөөд ажлын гараагаа “Бөөрөлжүүт” цахилгаан станц, “Бодь” группээс эхлэх боломжтой. 
  • 2025 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан бөгөөд 2025.10.27-ны өдрийн 18:00 цаг хүртэл материал хүлээн авах аж. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

ABB группийн нэрэмжит тэтгэлэг 

  • 2015 оноос их дээд сургуулиудын шилдэг оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр эхлүүлсэн бөгөөд 2019 оны байдлаар 17 оюутан уг тэтгэлгийг хүртжээ. 

Даланзадгад сум, БНСУ-ын Пижон их сургуультай хамтарсан тэтгэлэг

  • Даланзадгад сумын оюутан байх нь хамгийн гол шалгуур юм. БНСУ-ын Пижон их сургуульд сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр суралцах төлбөрийн 50 хувийг олгох юм. Эхний 2 жил коллеж, сүүлийн 2 жил бакалавраар суралцана. Төгсөөд орон нутагтаа мэргэжлээрээ ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай юм. 

МАК Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн 100 оюутанд тэтгэлэг олгоно 

  • МАК компани ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. ЭХИС-ийн 100 оюутанд тэтгэлэг олгож, тэднийг цалинтай дадлага хийх боломжоор хангана гэдгийг зарласан.