E-Sight
Дамбадаржаа дулааны станц 2026 онд ашиглалтад орно

Дамбадаржаа дулааны станц 2026 онд ашиглалтад орно

Чингэлтэй дүүрэгт суурилагдсан 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг барьж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлж байгаа юм. 

Дамбадаржаа ДС нь эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологи бүхий 3*21 МВт хүчин чадалтай зуухаас бүрдэх аж. Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувь бөгөөд хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр болон шохойн чулуу ашиглан 95-98 хувь хүртэл бууруулах, байгаль орчинд ээлтэй шийдэлтэйгээр онцлог.

Станцын барилга угсралтын ажил 2024 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Ирэх 2026 оны наймдугаар сард дуусч, ердүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгчээр “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн хэрэгжилт 40 орчим хувьтай явагдаж байна. Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй барилгын газар шороо, төмөрбетон суурийн ажил бүрэн хийгджээ. Мөн 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажил дууссан байна. 

Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжүүдийн гадаад захиалга хийгдэж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлээд байгаа аж