УИХ-ын ээлжит чуулганаар 2026 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр Д.Цогтбаатар гишүүн 10 аймагт хэрэгжиж буй ДЦС-ын төслийн талаар асуулаа. Түүний асуултад Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал хариулт өгөв.
Д.Цогтбаатар: Баянхонгор, Өвөрхангай аймгийн ДЦС-ын барилгын ажлыг явуулна гэж Сангийн яам энэ Хаврын чуулганд мэдэгдсэн. Гэтэл өргөн барьсан төсөв дээр алга болчихсон. Энэ хоёр аймаг Улаанбаатар хот шиг утаандаа "живж" байгаа гэдгийг дуулгая. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Ж.Дэлгэржаргал: 10 аймгийн ДЦС-ын хувьд Солонгосын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна. Гүйцэтгэгч буюу хэлэлцээрийн хүрээнд Солонгос компани байсан. Тэр компани "дампуурлаа" зарласан гэдэг шүүхийн шийдвэр тус улсад гарсан. Монгол Улсын Засгийн газар Эксим банктай хэлэлцээр хийж байна. Ирэх 7 хоногт Сангийн яамтай энэ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Нийтдээ 10 аймагт үлдсэн зээлийн ашиглалт болох 73 сая ам.доллар дээр энэ төслийг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг хэлэлцэнэ. Зээл тусламжийн ашиглалт 1.5 их наяд төгрөгийн хүрээнд хэлэлцээр үргэлжилж, төсөл цаашаа явбал ашиглалтад гарах боломжтой буюу санхүүжилт нь тусгагдсан.