Уул уурхайн бус төрийн өмчийн 44 компанийг нэгтгэсэн “Эрчист Монгол” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулах тухай Засгийн газрын тогтоол (2025.01.08) гарсан. Эдгээрийн 27 нь эрчим хүчний салбарын компани юм. “Энержи Инсайт” энэ удаагийн дугаартаа дээрх компаниуд хэр хөрөнгөтэй, хэдий хэмжээний борлуулалтын орлоготой, хэчнээн төгрөгийн ногдол ашиг өгдөг талаарх мэдээллийг 2024 оны санхүүгийн тайланд үндэслэн хүргэж байна.
"Эрчист Монгол”-д харьяалагдахаар болсон компаниудын үндсэн хөрөнгө 2024 оны жилийн эцсийн байдлаар 4.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас бусад 43 компанийн борлуулалтын орлогын цэвэр дүн 4.7 их наяд төгрөг байгаа хэдий ч ердөө 7.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төрд өгчээ. Үүнээс гадна компаниуд урт болон богино хугацааны 5.6 их наяд төгрөгийн өр төлбөртэй байгаа нь үндсэн хөрөнгө, борлуулалтын орлогоосоо давсан өр төлбөртэй байна гэсэн үг. Дээрх хэдхэн тоог зохистой хэмжээнд хүргэж, алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг, басхүү эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах нь “Эрчист Монгол”-ын үндсэн үүрэг. Цаашлаад эрчим хүчний реформын тулгуур зорилт болох юм.
“Эрчист Монгол”-ын компаниудын нийт борлуулалтын орлогын 70 хувийг эрчим хүчний компаниуд, үлдсэн 30 хувийг бусад компани эзэлжээ. Эндээс “Эрчист Монгол” бол эрчим хүчний салбарын толгой компани гэж ойлгож болохоор байна. Тэгвэл ногдол ашгийн 15.6 хувийг эрчим хүчний салбарын, 84.4 хувийг бусад компаниуд бүрдүүлжээ. Эрчим хүчний бус 17 компаниас “МИАТ”, “Монголын төмөр зам”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв”, “Үндэсний давхар даатгал”, “Биокомбинат” гэсэн таван компани л ногдол ашиг төлжээ. “Эрчист Монголд” хамаарах компаниудаас ердөө 13 нь ногдол ашиг өгсөн байна.
Төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах чиг үүрэгтэй “Эрчист Монгол” компанийг байгуулан ажиллуулснаар харьяа компаниудын захиргааны зардлыг 50 хувь бууруулна гэж тооцоолжээ. Тэгвэл уул уурхайн бус төрийн өмчит 44 компани ерөнхий ба удирдлагын зардалдаа 239 тэрбум төгрөг зарцуулсан бол ажиллагсдадаа 614 тэрбум төгрөг төлсөн байна. Тиймээс “Эрчист Монгол” хамгийн наанадаж удирдлагын зардлаас 119.5 тэрбум хэмнэх боломжтой гэж харагдаж байна. Үүн дээр нэмээд хүний нөөц, санхүү, олон нийттэй харилцах, маркетинг болон үнэлгээ, мониторинг, гадаад харилцаа зэрэг орон тоог дундын үйлчилгээнд шилжүүлчихээр ажиллагсдад төлөх зардлыг тэр хэрээр хэмнэж таарна.
“Эрчист Монгол”-д хамаарах эрчим хүчний салбарын 27 компани удирдлагадаа 156 тэрбум төгрөг зарцуулжээ.
Эрчим хүчний салбарыг босоо удирдлагатай, менежмент муутай, алдагдалтай ажилладаг гэдэг. Цахилгаан эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэснээр ашиггүй юм аа гэхэд, ядаж алдагдалгүй ажиллах хэмжээнд хүрсэн гэх. Тэгвэл “Эрчист Монгол”-д хамаарах эрчим хүчний салбарын 27 компани удирдлагадаа 156 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь 44 компанийн удирдлагын нийт зардлын 65 хувийг эзэлж байна. Харин ажиллагсдадаа 416 тэрбум төгрөг төлжээ.
Дээрх дүнг “Эрчист Монгол”-д харьяалагдаж буй эрчим хүчний компаниудын борлуулалтын орлогын дүнтэй харьцуулан үзэв. Эрчим хүчний салбарын компаниуд борлуулалтын орлогынхоо дунджаар 4.6 хувийг удирдлагын зардалд, 12.3 хувийг ажиллагсдадаа зарцуулсан байна. Үүнээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хамгийн өндөр буюу 42.6 тэрбум төгрөгийг ерөнхий ба удирдлагын зардалд зарцуулжээ. Энэ нь компанийн борлуулалтын орлогын 28.6 хувийг эзэлж байгаа бол ажиллагсдын зардал нь 10.4 хувь байна. Тус компанийн удирдлагын зардлын орлогод эзлэх хувь салбарын дунджаас 6.2 дахин өндөр юм. Удирдлагуудын зардал ажилчдынхаас 2.7 дахин их байна.
Харин ажиллагсдын зардалд хамгийн их буюу 74.2 тэрбум төгрөгийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК төлжээ. Үүнийг борлуулалтын орлогод харьцуулсан хувь 16.4 байв. Удирдлагын зардал нь борлуулалтын орлогын 1.8 хувьтай дүйж байгаа юм. Тэгвэл “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажиллагсдадаа зарцуулсан дүн борлуулалтын орлогод хамгийн бага буюу 4.6 хувийг эзэлж байна. Энэ нь салбарын дунджаас 2.6 дахин бага үзүүлэлт юм. Сонирхолтой нь тус компани борлуулалтын орлогоор дөрөвдүгээрт жагсаж буй.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 844 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоор эрчим хүчний салбарын компаниудаа тэргүүлж байна. Үүнээс ажиллагсдад 64 тэрбум, удирдлагын зардалд 20.9 тэрбум төгрөг зарцуулж, 2.6 сая төгрөгийг ногдол ашигт өгчээ. Борлуулалтын орлогод ногдох удирдлагын зардал 2.5 хувь, ажиллагсдад төлсөн төлбөр 7.6 хувь байна. Хамгийн өндөр ногдол ашгийг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК өгсөн бол борлуулалтын орлогоор аравт жагсаж байгаа юм. Тус компани удирдлагын зардалд борлуулалтын орлогын 5.4 хувийг, ажиллагсдын төлбөрт 32.2 хувийг зарцуулжээ.
“Эрчист Монгол”-ын харьяа компаниуд хэр хөрөн гөтэй, түүнээ хэрхэн зарцуулж буйг эдгээр баримтуудаас харуулж болж байна. Хамгийн гол нь “Эрчист Монгол” байгуулагдснаар харьяа 44 компани нь өнөөдрөөс илүү үр ашигтай, өнөөдрөөс илүү бүтээмжтэй ажиллаж, өнөөд рөөс бага өглөгтэй болох ёстойг мартаж болохгүй.