E-Sight
Эрчим хүчний Сайдын хүрээний байгууллагуудад ₮79.9 тэрбумын зөрчил илэрчээ

Эрчим хүчний Сайдын хүрээний байгууллагуудад ₮79.9 тэрбумын зөрчил илэрчээ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Эрчим хүчний Сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсөвт Үндэсний аудитын газар (ҮАГ) аудит хийсэн байна. Өнгөрсөн жилийн аудитын хүрээнд 79.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Эдгээр зөрчилд 189.1 сая төгрөгийн 45 төлбөрийн акт тогтоож, 74.5 тэрбум төгрөгийн 87 албан шаардлага хүргүүлж, 5.2 тэрбум төгрөгийн 75 зөвлөмж өгчээ. Зөрчлийн байдал нь ҮАГ-ын тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан тул “Хязгаарлалттай” буюу шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Хэдийгээр зөрчил илэрсэн ч дотоод аудитын төлөвлөгөөг үндэслэн ЭХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 88.6 хувийн хэрэгжилттэй гэж ҮАГ-аас үнэлжээ. 

ҮАГ зөрчлийн мөнгөн дүнд юуг оруулсан бэ?

Монгол Улсын Ерөнхий аудиторын Эрчим хүчний Сайдад хаягласан хязгаарлалттай санал дүгнэлтийн үндэслэлд 42.1 тэрбум төгрөгийн зөрчлийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд 1.9 тэрбум төгрөгийн авлага, 596.1 сая төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй; Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 39.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг аваагүй; Эдийн засгийн зорилтот түвшинд батлаагүй 422.8 сая төгрөгийн зардлыг санхүүжүүлсэн гэжээ. 

Харин үлдсэн зөрчилд борлуулсан бүтээгдэхүүний өртгийн хэсгүүдийн хамаарал бүхий бүтцийг тодорхой болгоогүйгээс өртгийн төвд хуримтлуулан бүртгэх зардал тодорхойгүй, үнэн зөв тооцоогүй; Хойшлогдсон хөрөнгө, өр төлбөрийн тооцоололд гадаад валютаар илэрхийлсэн өр төлбөр, ажилчдын тэтгэмжийн нөөцтэй холбоотой түр зөрүүгийн валютаар илэрхийлсэн өр төлбөр, ажилчдын тэтгэмжийн нөөцтэй холбоотой түр зөрүүгийн тооцооллыг хийж бүртгэсэн боловч элэгдэх хугацаа болон капиталжуулалттай холбоотой элэгдэх хөрөнгийн өртгийн ялгаанаас үүссэн түр зөрүүг бүртгээгүй гэсэн байна. 

Сайдын хамаарах хүрээний байгууллагуудын өр төлбөр буурчээ

Салбарын Сайдын хамаарах хүрээний байгууллагуудын нийт өр төлбөрийн дансны эцсийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 768.3 тэрбум ам.доллароор буурсан байна. Ингэж буурахад урт хугацаат төлбөр 852 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.  

Хүснэгтийн тайлбар: Богино болон урт хугацаат өр төлбөрийн хэмжээ /тэрбум төгрөг/

Үзүүлэлт

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

Өсөлт, бууралт

Богино хугацаат өр төлбөр

250.8 

334.4 

+83.6

Урт хугацаат өр төлбөр

2,661.2

1,809.1

-852

Дүн

2,912

2,143.6

768.3

Эрчим хүчний Сайдын хамаарах хүрээний байгууллагуудад өнгөрсөн онд ямар өөрчлөлт орсон бэ?

Тайлант хугацаанд Эрчим хүчний Сайдын хамаарах харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, санхүү, нягтлан бодох бүртгэлд мөрдөх дараах хууль тогтоомж, бодлого, чиглэлд өөрчлөлт оржээ. Үүнд:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль
  • Эрчим хүчний зохицуулах хорооны “Аргачлал батлах тухай” 2024 оны 504 дүгээр тогтоол
  • Эрчим хүчний зохицуулах хорооны “Хэрэглэгчийн тарифт зохих өөрчлөлт оруулах” 2024 оны 632, 643 дугаар тогтоолууд өөрчлөгджээ. 

Эрчим хүчний салбарын эрх зүйн актад юу орж байна вэ?

Эрчим хүчний Сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд дараах эрх зүйн актыг мөрдөж ажиллаж байна. Үүнд:

  • Эрчим хүчний тухай хууль
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль
  • Хөдөлмөрийн тухай хууль
  • Хувь хүний албан татварын тухай хууль
  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль
  • Шилэн дансны тухай хууль
  • Татварын багц хууль тус тус багтаж байна.