Улсын Их Хурлын чуулганы (2025.06.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталжээ.
Тус хуулийн төслийг Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тухайн сарын 29-ний үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн билээ. Гэвч зээлийн хэлэлцээрт Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь хэмээн андуурч бичсэн алдааг засуулахаар Засгийн газарт буцаасан юм.
“Эрчим хүч-3 төсөл”-ийн хүрээнд Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ хүчдэлийн хоёр хэлхээтэй болгох, Багануур болон Чойрын дэд станцуудыг өргөтгөнө. Үүнд зориулан Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй, банкны үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувь байх аж. Уг төсөл 2029 онд хэрэгжиж дуусах бөгөөд төслийн нэгжийн 840 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм.