Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо лхагва гарагт (2025.05.28) "Эрчим хүч-3 төсөл"-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр болжээ.
Уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 47 сая ам.долларын зээлийг Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн нэгдүгээр сард дэмжсэн. Төслийн хүрээнд Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөнө. Уг төсөл хэрэгжсэнээр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүч тасалдах эрсдэлийг бууруулах зорилготой юм.
"Эрчим хүч-3 төсөл" 2025-2029 онд хэрэгжих бөгөөд 47 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал болох 840 мянган ам.долларыг улсын төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ.